'ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ ШУДАРГА ЁСНЫ ЭРЭЛД' ном хэвлэгдлээ

“ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ, ШУДАРГА ЁСНЫ ЭРЭЛ”-ИЙН ТУХАЙ ОРШИЛ ҮГ    

Хүн төрөлхтний мянга мянган жилийн түүх  бол эрх чөлөө, шударга ёсны төлөө, эрх мэдэл хэрэгжүүлэгчдийн дарангуйлал, дур зоргын эсрэг тэмцлийн түүх байжээ. 

Уг тэмцлийн ололт, үр дүнд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал зэрэг түгээмэл үнэт зүйлсийг баталгаажуулах, хамгаалах шинэ стандартыг агуулсан олон чухал баримт бичиг, төр, хууль цаазын онолын олон талт  үзэл санаа,  шударга ёсны тогтолцоо, механизм бий болох эхлэл тавигдсан байна.     

Монголчуудын төрт ёс, хууль цаазын арвин баялаг түүхэн уламжлал дэлхийн улсуудын төрт ёс, хууль цаазын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.  Монголын эртний Улсууд төрийн хүчирхэг аппарат, хууль цаазыг тогтоож, зарга, зальхайг шийдвэрлэх заргач буюу шүүгчтэй байсан, тэрхүү төрт ёсны үзэл, уламжлал нь хожмын Монгол төрийн залгамж чанар болсон төдийгүй  дэлхийн зарим улсад ч үлгэрлэх загвар болж байсныг түүх бичиглэлд тэмдэглэсэн нь бий.          

Их Монгол Улс дэлхийн эзэнт гүрэн байсан. Шударга ёс, хуулийн засаглал нь дэлхийн эзэнт гүрэнг цогцлооход үндсэн арга, механизм болж байсныг түүхэн сурвалж, судлаач, эрдэмтдийн судалгаа гэрчлэн өгүүлдэг. “Их Монгол Улс” бол ертөнцийн аль нэг улсын адил зөвхөн хаант улс биш бөгөөд харин цогцлон байгуулж бүхий дэлхийн эзэнт улс мөн.

“Мөнх тэнгэрийн хүчинд Их Монгол Улсын далай хааны зарлиг бүр иргэнд хүрвээс бишрэх болтугай. Миний буулгасан зарлигийг аман дээрээ дагаж, ажил дээрээ ил далд зөрчвөл усанд хаясан чулуу, өвсөнд харвасан зэв адил болгож хөсөрдүүлэгсэд бол хүн ардыг захирч үл чадна хэмээн үзэх ёстой.”

“Улсын дээд заргач заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн. Надтай зөвлөж, Шихихутуг (улсын дээд заргач)-ийн шийтгээд цагаан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл хэн ч бүү өөрчилтүгэй”

хэмээх Чингис хааны “Их засаг” хуулийн зорилго, зарлигууд зэрэг түүхэн эх сурвалжтай олон баримтууд энд хамаардаг.       

Мөн дээд заргач нь гаргасан шийдвэрээ “хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн” гэсэн нь хууль цаазын том судар ”Хөх дэвтэр” гэж байж, “надтай зөвлөж, Шихихутугийн шийтгээд цагаан дээр хөх бичиг бичиж, дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл хэн ч бүү өөрчилтүгэй” гэсэн нь давхар кодтой буюу нэгэнт Хаан өөрөө биечлэн шийтгэсэнтэй төстэй заргыг гагцхүү заргыг бичиж хуульчилснаас өөрөөр яллаж болохгүй, өөрөөр хэлбэл, Монголын хууль цааз нь Англо-саксоны сонгодог хуулийн системтэй ижил байсан гэж үзэж болох тухай судлаачийн санааг энд дурдахад илүүдэх юун.            

XII зуунд Английн эзэн хааны хэмжээгүй, хязгааргүй эрх мэдлийн эсрэг хийсэн газар эзэмшигчдийн тэмцлийн үр дүнд эзэн хааныг буюу төрийг хуульд захируулах, шүүхийн шийдвэр, хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд иргэний эрх, эрх чөлөөг зөрчихийг хориглох тухай анхны хуульчилсан баримт бичиг болох Магна Харт[1] 1215 онд батлагджээ.      

1787 онд АНУ анх Үндсэн хууль[2] баталж, төрийн эрх мэдлийг хуваарилсан байх боловч шүүхээс Үндсэн хуулийн биелэлтэд тавих хяналтын талаар тодорхой тусгаагүй байв. Гэвч Дээд шүүхээс 1803 онд Мэрбюри&Мэдисоны хэргийг хянан шийдвэрлэхдээ “холбооны Үндсэн хуультай зөрчилдсөн бүхий л бичмэл хуулиуд хүчингүй” гэж тогтоосон шийдвэр нь Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тогтоох шүүхийн бүрэн эрхийг нэг мөр тодотгон, баталгаажуулж өгсөн байна.  

1789 оны Францын хүний ба иргэний эрхийн тунхаглалд[3]

“Хүний эрхийг баталгаажуулаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй нийгэмд угтаа Үндсэн хууль оршдоггүй

хэмээн зааж, тус Улс 1791 онд анхны Үндсэн хуулиа баталжээ.     

Ийнхүү Үндсэн хуульт ёс буюу ард түмний мэдэлд байх засгийн эрхийг харилцан тэнцвэр, хяналттайгаар хуваарилах, хуулиас дээгүүр эрх мэдэл байхгүй буюу хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зэрэг түгээмэл үнэт зүйлс, тэдгээрийг хамгаалах үзэл санаа, хууль эрх зүйн эх сурвалж, түүнд үндэслэгдсэн механизм, бүтцүүд дэлхийн олон улсад түгсэн  байх хэдий ч тухайн улс орны тусгаар оршсон түүхэн цаг үе, дотоод ба гадаад нөхцөл байдал, иргэдийнх нь мэдлэг боловсролын түвшин, төрийн засаглалын хэлбэр, хууль цаазынх нь түүхэн уламжлал зэргээс хамааран Үндсэн хуульт ёс, шударга шүүхийн тогтолцоо харилцан адилгүйгээр хэрэгжиж, хөгжсөөр ирсэн байна.       

Өнөөгийн байдлаар цөөн Улсад нэг буюу хэсэг бүлгийн дарангуйлсан, ухаалаг бус засаглал оршиж байх боловч дэлхийн ихэнхи улс орон ардчилсан, Үндсэн хуульт засаглалд шилжсэн байх ба эрх чөлөө, тэгш байдал, шударга ёсны төлөө тэмцэж, хуулийн засаглал тогтоох, бие даасан, хараат бус шүүх эрх мэдлийг хөгжүүлэх, бэхжүүлэх, төгөлдөржүүлэх нь эдүгээ түгээмэл хандлага болоод байна.     

Манай Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдэлсэн дэлхийн ардчилсан улс орнуудын түгээмэл чиг хандлагад нийцсэн түүхэн ололт болсон юм.    Шинэ Үндсэн хуульд анх удаа төрийн эрх мэдэл хуваарилах үзэл санааг зохих ёсоор баталгаажуулж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад шүүхээс хяналт тогтоосон нь хуулийн засаг, эрх зүйт төр орших үндэс, засгийн эрх баригч аль нэг хүчний олонхийн дарангуйлал, хэлмэгдүүлэлт, шүүхийг хянах, албадлагын арга хэрэгсэл болгох зүй бус бодлого, зохицуулалт, бохир технологит ажиллагаа дахин давтагдахгүй байх бодит боломж бүрдсэн явдал бол хамгийн бахдам  амжилт, бахархах түүх болсон билээ.          

Ардчилал, Үндсэн хуульт ёс, чөлөөт эдийн засгийн зөв сонголт хийж чадсан боловч олон түмний оюун ухаанаар баталгаажсан, олноо түгсэн, “зөв зүг чиг”-т тодорсон замаар тууштай явахгүй дороо  хий эргэн зогсох, замаас хазайн дур зоргод хөтлөгдөн “буруу зүг чиг”-т зам салаалах, ард түмний нэр барин дүр эсгэх, хуулиас дээгүүр эрх мэдэл эдлэхийг санаархах, зөв бодлого, зохицуулалтаар нийгмийн өвчинг зөв оношлон анагаах бус харин буруу оношлох, эмчлэх, эмчлэхгүй орхин сэдрээх, дахин өвчлүүлэхэд чиглэсэн зарим улс төрийн гэх хүчин, албатын буруу үзэл, үзэгдэл, үйл ажиллагаа, хандлагад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг анхаарахгүй орхиж болохгүй юм.  

Хэрэв үл анхаарвал иргэдийн шударга ёс, үүргийн мэдрэмж, итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж, Үндсэн хуульт ардчилсан нийгмийн дэг журам алдагдан, төрийн паразит албатууд түмний зовлон болж, түмэн олон Энх-Амгалангийн орны саварт, босгоны үүд сахин зүдрэхэд хүрнэ.  “Хуулийн засаглал бол шударга ёсны байнгын эрэлд, шударга ёс бол хуулийн засаглал тогтоох байнгын эрэлд байх зүй тогтол, хэмжүүртэй” болохыг Үндсэн хуульт ёс, хуулийн эзэнт гүрний түүх сануулж байна.        

Үг олдох нь. Эргэн дурсах баярт цаг мөч айсуй. 1911-2016 он. Энэ бол Монголын шүүхийн хувьд түүхэн тэмдэглэлт он цаг болж байна.

Монголын Эзэнт гүрний тусгаар тогтнол 220 жилээр алдагдсан, гэвч “бусдын төр бидний төр биш, бидний төр бусдын төр биш” хэмээн төрт улсаа дахин сэргээн, дэлхий нийтэд сонордуулан, үүрд мөнх орших урьдач нөхцөлийг бүрдүүлсэн 1911 оноос эхлэн тооцоход Монгол Улсын тусгаар тогтнолын 105 жил, Монгол Улсад ”ШҮҮХ” байгуулагдсаны 105 жил, Улсын Дээд Шүүхийн 90 жилийн түүхт ой давхцан тохиож байна.   “Монголын шүүх” нь агуу их түүхийн адармаатай, ээдрээтэй түм буман нугачаанд “хүний эрх”-ийг хамгаалах, “шударга ёс”-ыг тогтоох, “хууль”-ийг чанд сахиулах чиг үүргээ тасралтгүй хэрэгжүүлж,  “үй түмэн бэрхшээл, сорилт, намын ба засгийн хараа хяналт”-ыг зориг тэвчээр, итгэл зүтгэлтэйгээр даван туулсаар шинэ цаг үетэй золгож, улмаар эдүгээ ардчилсан төрийн эрх мэдлийн бие даасан салаа буюу “ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ” болтлоо хөгжин бэхжиж чадсан билээ.   

Мөнхөд дурсагдах баатарлаг, гэгээн үйлсээр арвин баялаг “Монголын тусгаар тогтнол”-ын 105 жил, “Монголын шүүх”-ийн 105 жил, Улсын Дээд шүүхийн 90 жилийн түүхт ойг тохиолдуулан өмнө нь өөр өөр цаг хугацаанд бичиж, сонин, сэтгүүл, цахим сайтад нийтлүүлж байсан зарим өгүүлэл, нийтлэлээс сонгон “ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ-ШУДАРГА ЁСНЫ ЭРЭЛД”-д эмхэтгэн хэвлүүлэв.  Уг эмхэтгэлд багтсан зарим өгүүлэл, нийтлэл нь өөр өөр цаг хугацаанд, харилцан адилгүй зориулалтаар бичигдсэн зэргээс хамааран утга санаа, найруулгын хувьд давхцсан, шинэлэг эсэх нь эргэлзээтэй зэрэг алдааны талаар мэргэжил нэгт нөхөд, иргэнээс санал, шүүмжээ и-мэйл: mng_999@yahoo.com  хаягаар ирүүлнэ хэмээн найдаж байна.    

 

Монголын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлсийн төлөөх шүүхийн гэгээн үйлс өнө мөнхөд мандан бадраг.    

Мэнд овогт Гомбодоржийн ГАНБААТАР

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн

шүүхийн шүүгч, хууль зүйн магистр

 

[1] Магна Харт. Орчуулсан П.Амаржаргал. Ред. Н.Лүндэндорж. УБ., 2012

[2] АНУ-ын Үндсэн хууль. Орчуулсан Д.Цолмон, Ч.Лхагважав. Ред. С.Нарангэрэл. УБ., 2000

[3] V Бүгд найрамдах Франц Улсын Үндсэн хууль. Орчуулсан Ч.Нарбилэг. Ред. Ж.Амарсанаа. УБ., 2008


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%