МОНГОЛД КАЗИНО БАЙГУУЛАХ АСУУДЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

Юуны түрүүнд орчин цагийн казино гэж юу вэ гэдгийг танин мэдэхүйн талаас нь тодорхойлох гэж оролдоё. Ихэнх монголчууд маань казино гэхээр өнгөрсөн зууны үеийн сэтгэхгүй, ойлголттой үлдсэн байх агаад өөрсдөө ч орж үзээгүй тэр газрыгаа архи дарс, хар тамхи, биеэ үнэлэгчдийн үүр уурхай мэтээр төсөөлж явдаг болох нь элбэг ажиглагдсан.

Дэлхийн улс орнуудаас Беларус, Казахстан, АНУ, Англи, Герман , Энэтхэг, Монако, Итали, Голланд, Макао, Грек, Канада, Австрали, Шинэ Зеланд, Гибралтар, ОХУ, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг 30 гаруй улс оронд казино зөвшөөрөгдсөн, зарим улс оронд казиногийн тусгай бүсийг тогтоож өгсөн байна. Хэд хоногийн өмнө Япон Улс казиног зөвшөөрсөн хууль баталлаа.  Монгол Улс Казиногийн үйл ажиллагааг зөвшөөрөх хуулийг батлах шатандаа явж байна.

Орчин цагийн казино гэдэг бол зөвхөн тоглоом тоглодог нэг байшин биш юм. Харин Лас-Вегас, Атлантик-Сити, Макао, Сингапурын казинонуудын жишиг шиг бүхэл бүтэн цогцолбор, бүтээн байгуулалт байдаг юм билээ. Казиногийн бүсэд орчин үеийн кинотеатрууд, хүүхдийн тоглоомын парк, амьтны хүрээлэн, брэнд хувцасны дэлгүүрүүд, зоогийн газар, баарнууд, усан сан, зочид буудлууд гээд хүний зугаалж цэнгэх ямар л хүсэл сонирхол байна тэр бүхнийг тэнд барьж байгуулдаг байна. Гэр бүлээрээ очлоо гэхэд эхнэр нь дэлгүүр хэсэх, хүүхдүүд нь паркад тоглох, аав нь казинод орж азаа үзэх гэх мэтээр цагаа хөгжилтэй, сонирхолтой өнгөрөөх боломжтой байдаг. Энэ бүтээн байгуулалтыг казиногийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд өөрсдөө босгодог ба бизнес, маркетингийн бүх зүйлээ өөрсдөө хийдэг юм байна.  Түүнчлэн казиног зөвшөөрсөн улс орнууд казиногийн болоод түүнийг тойрсон үйл ажиллагаанд хуулийн дагуу чанга хяналт тавьдаг бөгөөд ямартай ч хар тамхи худалдах, биеэ үнэлэгчид ажиллах зэргийг хатуу хориглосон байдаг байна. Казино өөрөө маш өндөр соёл, хатуу ёс зүй шаарддаг салбар. Казино руу орохын тулд бүх биед байгаа зүйлсээ тусгай багажаар шалгуулна, хар тамхи хэрэглэсэн хүнийг оруулдаггүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчилдэггүй, оруулдаггүй, зарим казинонуудад пүүз, жийнсэн өмдтэй хүнийг ч оруулдаггүй, зөвхөн костюм пиджактай хүнд үйлчилдэг ч газрууд байна.

Ази тивд саяхныг хүртэл Макаод болон Өмнөд Солонгост л казино байлаа. Макаогийн казино сүүлд баригдсан боловч эх газрын баян хятадууд,  япончууд, арабын шейхууд, сингапурчууд, солонгосчуудын мөнгийг хамж байсан юм. Хажуу бөөрнөөс нь тэр их мөнгөний урсгалыг хамж байгаа макаочуудыг харж суусан сингапурчууд тэсвэр тэвчээр алдан өөрсдөө орчин үеийн супер казиногийн цогцолборыг барьсан байдаг. Хоёр казино барьж байгуулахад нийт 10,0 тэрбум доллар зарцуулсан байдаг. Тэр мөнгөө 2 жил гарангийн дотор нөхөөд олсон гэж үздэг. Өмнөд Солонгост анхны казино 1967 онд нээгдсэн бөгөөд өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газар байна.

Макао, Сингапурын казинонуудын чамгүй их үйлчлүүлэгчид нь япончууд байдаг ба маш их валют, мөнгө Японоос дээрх газрууд руу урсаж байгаад Японы эдийн засагчид дүгнэлт хийгээд нэлээн хэдэн жил зүтгэсний эцэст хэдхэн хоногийн өмнө Японы парламент Оосака, Ёокохама гэсэн хоёр хотод гурван казино байгуулах тухай хуулийг баталлаа. Хуульд зүгээр ч нэг казино байгуулах биш харин Сингапур, Лас-Вегасын казинотой дүйхүйц кинотеатр, хүүхдийн тоглоомын парк, амьтны хүрээлэн, брэнд хувцасны дэлгүүрүүд, зоогийн газар, зочид буудлууд гэх мэтчилэн амралт жуулчлалын цогцолборын хэлбэрээр байгуулах тухай заасан бөгөөд нийт төсөв нь 50,0 тэрбум доллар гэж үзэн цаашид жил бүр 10,0 тэрбум долларын ашиг орлого олохоор тооцсон байна. Орон зайн хувьд казиног улсынхаа гүн рүү барьж байгуулах бодлого барьсан нь аялал жуулчлал салбарыг хамт хөгжүүлэх давхар бодлогыг баримталсан гэнэ. Шинзо Абэ гуай казино байгуулах нь эдийн засгаа сэргээх нэг арга гэж үзэж байгаа юм билээ.

Монголд казино байгуулах нь зөв шийдвэр гэж би боддог. Бид ч бас эдийн засгийн хүнд байдалд байна. Казино бол экологит ямар ч хор хохирол учруулдаггүйгээрээ нүүрс, алт, зэс ухахаас хамаагүй илүү бизнес юм. Харин Казиногийн хуулиндаа Сингапур, Лас-Вегасын казинотой дүйцхүйц кинотеатр, хүүхдийн тоглоомын Диснейлэнд парк, амьтны хүрээлэн, брэнд хувцасны дэлгүүрүүд, зоогийн газар, баарнууд, гольфын талбай, бооцоот морин уралдааны морин тойруулгууд, зочид буудлууд гэх мэтчилэн олон улсын стандартад нийцсэн амралт жуулчлалын цогцолборын хэлбэрээр байгуулахаар тусгах ёстой. Хиймэл нуур, усан сан, наран шарлагын газар, айраг, сүүний сувиллын газраа ч ойр орчимд байгуулсан ч яадаг юмб. Казино байгуулснаар төсөвт их хэмжээний орлого орж ирнэ, шинээр барьсан Хөшигтийн хөндийн онгоцны буудал ачаалагдана, аялал жуулчлалын салбар хөл дээрээ чанга босоод ирнэ, “Говь”, “Алтай кашемир”, “Дархан нэхий”, “АПУ” гэх мэтийн үндэсний брэндүүд дэлгүүрээ нээнэ, казиногийн үйлчилгээг дагаад малчид, тариаланчдаас экологийн цэвэр бүтээгдэхүүн болох мах, ногоо, гурил зэргийг авч гадаад дотоодын жуулчид, тоглоомчдод амтат хоол хүнс бэлтгэнэ, сурталчилна, цөөнгүй ажлын байр бий болно. Жуулчдад Эрийн гурван Наадамаа үзүүлнэ. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэх ажил, нийлүүлэх бараа бүтээдэгдэхүүний хөөрхөөн зах зээл гарч ирнэ. Ер нь л нэг жижигхэн хот босож ирнэ гэсэн үг. Төсөвт мөнгө орж ирнээ гэдэг чинь төрийн албан хаагчдын цалин хөлс, өндөр настнуудын тэтгэвэр тэтгэмжийг байгалиа, газар нутгаа сүйтгэхгүйгээр шийдвэрлэж болно оо гэсэн үг. Эсвэл тэр мөнгийг нэг газар төвлөрүүлж Улаанбаатарт метро барьж, эсвэл утаанаас салах жинхэнэ бодит төсөл хэрэгжүүлж болно.

Аялал жуулчлалын бодлогоо бариад казиног улсынхаа гүн рүү, байгалийн үзэсгэлэнт газар луу, гэхдээ ямар ч дэд бүтэцгүй газарт байгуулах зөвшөөрөл олгох хэрэгтэй. Ус, цахилгаан, зам гүүр гэх мэт дэд бүтцээ казиногийн үйл ажиллагаа явуулах компани нь өөрсдөө барьж байгуулах нь зөв. Гэхдээ нийслэл хотоос 100-200 кмт байх нь зохимжтой. Эцсийн эцэст нийслэлчүүд ч бас гэр бүлээрээ очиж амарч зугаалмаар л байна шүү дээ. Хамгийн хөгжил муутай Төв аймгийн Алтанбулаг сум тохирно доо.

Манайд байгуулагдах казино маш хүчтэй маркетинг хийж, үйлчилгээний хямд үнэ, чанартай үйлчилгээгээрээ Макао, Сингапурын казинонуудтай өрсөлдөж эх газрын хятадууд, оросууд, япончуудыг авчирч тоглуулж, олон улсын тэмцээн зохиож байж гэмээнэ ашигтай, амжилттай ажиллах боломжтой юм.

Монгол иргэдийг казинод тоглуулах ёстой, эсвэл хориглох ёстой гэсэн маргаан нийгэмд яваад байгаа. Тиймээ, казино бол нэгэн төрлийн донтуулах аюултай бооцоот тоглоомын хэлбэр мөн үү гэвэл мөн. Сингапур, Өмнөд Солонгосын казинонууд өөрийн орны иргэдээ казинод оруулдаггүй. Иргэдээ донтуулахгүй гэсэн бодлого байх. Гэхдээ ихэнх улс оронд иргэд нь чөлөөтэй орж үйлчлүүлдэг. Гадаадынхан тав тухтай, тансаг орчинд казино тоглоод, монголчууд нь тийшээ орж чадахгүй нууц хэлбэрээр тоглоод тоглоомноосоо болоод нэг нэгнийхээ биед халдаж гэмтээгээд байж таарахгүй л дээ.

Казинод тоглох эсэх нь хувь хүний өөрийнх нь асуудал, бас эрх. Монголчууд бид монголчуудыгаа бусад орны иргэдээс ухаан муутай, өөрийгөө удирдах, хянах чадваргүй, таван хошуу мал шигээ байнга хариулга шаарддаг гэж үздэг, тийм ч учраас өөрсдийгөө нэг тийм хамгаалуулсан, хязгаарлуулсан хуулиар бариулах, чангалуулах дуртай ард түмэн шиг санагддаг. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нэгэнтээ “Тэнэг байх эрхийг минь олгооч” гэж бичиж байсан санагддаг. Тэнэг байх эрх ч бас л хүний эрх юм шүү. Хүний эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж болохгүй. Хэн ч хэнийг ч казинод хүчээр чирч оруулахгүй. Маш олон монголчууд Макао, Өмнөд Солонгосын болоод бусад орны казинод очиж чамгүй их мөнгөөр тоглож байна. Тэр мөнгөний урсгалыг нутагтаа үлдээх хэрэгтэй. Харин казино хэнд үйлчлэх эсэхээ өөрөө шийддэг эрхийг нь казинод нь хадгалуулах нь зөв юм. Өөрөөр хэлбэл казино тодорхой шалтгааны улмаас тухайн иргэнийг “Хар дэвтэр”-тээ оруулан үйлчлэхээс татгалзан казинод оруулахгүй байж болдог. Маш өндөр тооцоолон бодох, ой санамжийн чадвартай (манай оюун дэлхийн аваргууд), хар тамхи, согтууруулах ундаанд мансууран донтогч, рецидив гэмт хэрэгтэн, төсвийн хөрөнгийг шууд захиран зарцуулах эрхтэй этгээд, татварын хийгээд хууль хяналтын байгууллагаас нэрийг нь өгсөн этгээд, хэрэв тухайн хүн их мөнгө алдаад байна гэж үзвэл ар гэрийнхнийх нь хүсэлтээр, эсвэл өөрөө дахиж орохгүй гэж бодож байгаа бол өөрөө “Хар дэвтэр”-т бүртгүүлсэн этгээд зэрэг хүмүүсийг казино “Хар дэвтэр”-тээ бүртгээд үйлчлүүлэхээс татгалзаж болдог олон улсын практикийг хэрэгжүүлж болно. Энэ бол шийдэж болох л асуудал.

Шинэ төр засагт хурд алга. Зөвшөөрлөө авлаа гэхэд гадаадын хөрөнгө оруулалт татах гэж хэсэг хугацаа явна. Казиногийн бүтээн байгуулалтад гэхэд л багадаа 2-3 жил шаардагдана. Өрсөлдөгчид биднээс хурдан байна. Иймд Ерөнхий сайд Казиногийн хуулиа шуурхай батлуулж хөрөнгө оруулагчдыг ажилд нь оруулах талаар шийдвэртэй алхам хийх цаг нь болсон гэж бодож байна.       

 

 

 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%