ШИНЖЛЭХ УХААН: Хүүхдэд хэдэн нас хүртэл нь чихэр өгөхгүй байх ёстой вэ?

Шүд цоорох өвчин бол “нянгийн халдварт өвчин” бөгөөд халдвар тогтсны дараа “амьдралын буруу хэв маягаас шалтгаалж” илэрдэг. Манай улсад 2013 оны байдлаар эрдэмтэн Ж. Дэлгэрцэцэгийн судалгаагаар 3-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд шүдний цоорлын тархалт 93%, 1 хүүхдэд оногдох цоорсон, авахуулсан эсвэл эмчлүүлсэн шүдний үзүүлэлт дунджаар 8 ширхэг буюу энэ насны хүүхдийн нийт 20 ширхэг шүдний 8 нь шүд цоорох өвчинд нэрвэгдсэн байдлыг зааж байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмжид тусгасан ангиллаар “маш өндөр” байгаа юм. Тэгэхээр эхний дугаарт 2 хүртэлх насны хүүхдүүдтэй гэр бүлүүддээ зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

Нярай хүүхдийн аманд шүд цоолох нян байдаггүй, эцэг эхээс дамждаг

Нярай мэндлэх үед түүнийг хамгаалах, мэдээлэл дамжуулах зорилгоор эхээс төрөх замаар бичил биетнүүд арьс, амны хөндий, уушиг, чих гэх мэт ихэнх эд эрхтэн, хөндий рүү дамждаг. Иймээс дөнгөж төрсөн хүүхдийн аманд нян байдаг боловч үүн дотор шүд цоорох өвчнийг үүсгэгч нян байдаггүй. Шүд цоорох өвчин үүсгэдэг нян ( Streptococcus mutans болон Streptococcus sobrinus) гаднаас буюу эх, гэр бүлийн гишүүдийн амнаас хүүхдэд халддаг. Эдгээр нян нь сахарыг задалж шүдний гадаргууд өнгөр үүсгэдгээрээ онцлог ба амны хөндийн бусад 600 гаруй төрлийн нянг бүхэл болгож барьцалдуулах орчныг бүрдүүлдэг чадвараараа бусад энгийн амны хөндийн бичил биетнүүдээс ялгаатай. Нянгийн халдвар эрт авах, хавсарч халдах тусмаа хүүхдийн шүдний цоорол хүндрэх хандлагатай байдаг. Иймээс ийм насны хүүхэдтэй айлууд хүүхдэд халдвар халдаахгүй тал дээр түлхүү анхаарах шаардлагатай. Манай орны хувьд эрдэмтэн М. Соёлмаа нарын судалгаагаар 6 сартайгаас ой хагастай 3 хүүхдийн 2-т нь дээрх 2 нян маань дангаараа эсвэл хавсарч илэрдэг байна. Харин ой хагасаас 2 нас хагастай болоход 4 хүүхэд тутмын 3-т нь халдсан байдаг байна. Европын судлагаагаар бол ой хагасаас 2 нас хагасын хооронд халддаг байна. Тэгэхээр нялх хүүхдэд халдаахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах вэ гэвэл гэр бүлийн гишүүдийн амны хөндий цэвэрхэн байх хэрэгтэй. Үүнд шүдээ сайн угааж өнгөрийг багасгах буюу амны хөндийн нянгийн тоог байнга бага байлгах, халдварын голомт болох цоорсон шүдийг эмчлүүлэх, хүүхдийн хоолны хэрэгсэл, сойзыг гэр бүлийн гишүүдийнхээс тусдаа байлгах юм. Эцэг эх та өөрсдийн нянгийн чанарыг эмнэлэгт нянгийн шинжилгээ өгч таних боломжтой. Эсвэл та өөрийнхөө амны хөндийд хэдэн цоорсон, эмчлүүлсэн эсвэл авахуулсан шүд байгааг тоолоод үзээрэй. Эдгээрийн нийлбэр маань таны нянгийн хир зэрэг хорууг илэрхийлнэ.

 

Чихэр өгдөг бол угаагаад ч цоорлоос сэргийлж чадахгүй байх магадлалтай 

Нянгийн халдвар орсныг нүдээр шалгах боломжгүй тул хоол, каш болон уух юмыг нь сахраар амтлахгүй байх хэрэгтэй. Мэдээж чихэр, шоколад, ундаа, жимсний шүүс, жигнэмэг зэрэг амттанг огт өгөхгүй. Хоёр хүртэлх насны хүүхдийн шүд эрүүл байх эсэх нь хооллолтоос шалтгаалдаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Хоолны дэглэм сахилгүйгээр марлиар амыг нь цэвэрлэх, хүүхдийн сойзоор шүдийг нь угааж байсан ч цоорлоос бүрэн урьдчилан сэргийлж чадахгүй байх нь олонтаа. Нярай, бага насны хүүхдийн амыг цэвэрлэх, шүдийг угаах нь нянгаас сэргийлэх гэхээсээ хүүхдэд шүдээ угаах шаардлагатай гэдгийг ойлгуулах шүд угаахад дасгах зорилготой гэж эцэг эхчүүд маань ойлгоорой. Мөн 2 хүртэлх насны хүүхдэд дээд үүдэн шүд цоороход амархан байдаг ба дээд шүднүүд цухуйсан цагаас нь сойз, засвар цэвэрлэгчээр орой унтахаас нь өмнө цэвэрлэнэ. 1 нас хүрэх үед шүдний эмчид хандаж жилд өөрийн гэр бүлийн эрсдлээс хамаарч 2-оос дээш удаа фторын түрхлэг түрхэх ба гэртээ хүүхдийн фторт оо хэрэглэж эхлэнэ.

 

3 нас хүртэл нь юугаар хооллохоос амны хөндийн эрүүл мэнд, амтны мэдрэмж хамаарна

Тэгвэл хэдэн нас хүртэл нь сахар орсон хүнс өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй вэ? Та хүүхдэдээ 3 нас хүртэл амттай юмны амтыг мэдүүлэхгүй байхыг зөвлөе. Учир нь хэдийгээр шүд цухуйсан цагаас нь шүдийг нь угаахад дасгасан ч 2 настай болоод ирэх үед хүүхэд бие дааж эхлэх үе буюу эцэг эхчүүдийн сайн мэдэх “2 настны синдром” нь эхэлдэг. Мөн энэ үед хүүхдийн сүүн 2-р араа шүд цухуйж ирдэг ба энэ үед хүүхэд шүд угаалгахдаа дургуй болох өөрөө угаана, том хүнээр угаалгахгүй гэж эсэргүүцэх нь олонтой. Мэдээж хүүхэд сайхан ааштай сэргэлэн үед сойзоо бариад л угаагаад өгөөч гээд л араас гүйнэ. Ядарсан, нойрмог, ууртай үедээ эсвэл тоглоомондоо улайрсан үед, унтахгүй, би бүхнийг өөрөө эсвэл сандарч тэвдсэн үед шүд угаана гэдэг бөөн авилга, найраа, амлалт, орилоон, нулимс болно. Тэгэн тэгэн угаагаад ч цоорлыг шүд угаалтаар бүр мөсөн урьдчилан сэргийлж чадахгүй. Та өдөр болгон сайхан ааштай, хүүхдийнхээ аргыг олж чадах уу? Бөөн ур ухаан, цуцахгүй тэвчээр шаарддаг шүү дээ. Хүүхдээ хамгийн их мэддэг та ингэж байгаа юм чинь 1-2 насны хүүхдийн цоорлыг эмчлэх эмчийн оронд өөрийгөө тавиад үзээрэй. Гүэмөн их агуу тэвчээр, хайр байгаа биз?  Мөн 3 нас хүртэл хүүхдийн амтлах мэдэрхүй хөгжиж ямар амтанд дуртай болох нь шийдэгддэг. 3 нас хүртэл сул амттай, байгалийн амтыг мэдрүүлж өсгөснөөр тийм хүнсийг цаашид амьдралынхаа туршид түлхүү хэрэглэх хандлагатай болдог. Бас 3 хүртэлх насанд амны хөндийн бичил биетны бүрэлдэхүүн тогтворждог ба дунд нь шүд цооруулах нянгийн хэмжээ их, давамгайлсан байвал хоруу чанар өндөртэй болж тогтворждогийг анхаараарай.

Анагаах ухааны доктор (Ph.D.) Т.Цасан


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%