ШИЙДЭЛ: Тавантолгойн орд бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг чамлах хүмүүс цөөнгүй.  Уг нь хөрөнгийн зах зээл хөгжвөл томоохон хөрөнгө оруулалт татах санхүүгийн эх үүсвэр бий болох, иргэд нь ашигт малтмалын ордуудынхаа хувьцааг эзэмшиж баялагтаа  жинхэнэ эзэн суух, цаашилбал бизнесүүдэд учирдаг  төрийн хүнд суртал, авлига хээл хахууль тодорхой хэмжээнд буурах эерэг нөлөө ихтэйг учир мэдэх хүмүүс олонтаа ярихын зэрэгцээ төрийн өндөр албан тушаалтнууд ч дэмждэг боллоо. 

Хөрөнгийн зах зээлийг хэрхэн хөгжүүлэх вэ?

“Ажлаа хаанаас, хэзээ эхэлбэл зах зээлээ харьцангуй богино хугацаанд хөгжүүлж чадах вэ?” гэсэн асуултад оновчтой хариулт олох шаардлага өнөө үед тулгарч байна. Дээрх асуултад хэд хэдэн хариулт бий. Үүнд:

              -Арилжааны системээ олон улсын түвшинд хүргэх,

              -Хууль эрх зүйн орчноо сайжруулах,

              -Хөрөнгө оруулалтын сан оруулж ирэх,

              -Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх,

              -Мэдээллийн ил тод байдлыг сайжруулах гэх мэт.

Дээр дурдсан ажлуудаас бид өнгөрсөн хугацаанд багагүй хүч хөдөлмөр, зардал гарган хийсэн. Гэвч үр дүн нь хангалтгүй хэвээр байна. Энд нэгэн чухал хүчин зүйл дутагдаж байгаа нь сүүлийн үед илүүтэй мэдрэгдэх болов. Тэр нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төрийн урт хугацааны тууштай бодлого юм. Хөрөнгийн зах зээлийг жамаараа өсч, хөгжихийг нь хүлээвэл цаг хугацаа ихээхэн алдана. Учир нь манай өнөөгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн бүтэц, институтийн орчин, баялгийн хуваарилалт, иргэдийн сэтгэл зүй, мэдлэг зэрэг  цаг хугацаа алдахад хүргэх хүчин зүйлс олон бий.

 

Төрийн бодлогыг хөрөнгийн зах зээлд чиглүүлье

Энэ нь төрийн бодлогоор хөрөнгийн зах зээлд 100 тэрбум эсвэл 1 их наядын хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн үг биш. Гагцхүү “хууль, эрх зүйн орчны зохицуулалт” -ыг  л зөв хийх асуудал юм. Үе үеийн Засгийн газрын анхаарлын төвд орших сэдвийн нэг бол хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх. Тэгвэл төрийн бодлогын хүрээнд “МЕГА төслүүдийг хөрөнгийн зах зээлтэй холбож МЕГА хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье”.  Таван толгой мега төслийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр өгөөжийг нь нийгэмдээ хүртээе гэж уриалмаар байна.

Жишээлбэл, иргэддээ тараасан ЭТТ компанийн 1072 ширхэг хувьцааг үнэ цэнэтэй болгох нь Засгийн газрын үүрэг гэж хэлж болно. Төрийн бодлого түмний сайн сайхны төлөө чиглэх ёстой гэсэн суурь зарчмаа харвал Тавантолгой мега төслийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан үр өгөөжийг нь нийгмээрээ хүртдэг байхаар шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг болно. Ингэж хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хийснээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэх, цаашлаад улс орны хөгжлийг хурдасгах боломж бүрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

1072 ширхэг хувьцаа үнэ цэнэтэй болж, арилжаалах нөхцөл боломжийг бүрдүүлбэл  Монголын нийгэм тэр чигтээ хувьцаа, хөрөнгийн зах зээлийг сонирхоно. Тэр үед нь мэргэжлийн компаниуд иргэдээ хувьцааны талаарх мэдээлэл, мэдлэгтэй болгох ажлыг нарийн төлөвлөгөөний дагуу чанартай хийж чадвал хөрөнгийн зах зээл, хувьцааны үр ашиг, өгөөжийг нийгэм даяараа харьцангуй богино хугацаанд ойлгож мэднэ. Ингэж иргэд байгалийн баялгийнхаа үр ашгийг жинхэнэ утгаар нь хүртэх боломжийг олж харснаар хөрөнгийн зах зээл дэх тэдний оролцоо улам бүр өсөн нэмэгдэнэ. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш ярьсан “олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх” асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадна.

Хамгийн чухал нь Тавантолгой төслийн үр өгөөжийг дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан хүртээх боломжийг нээж өгснөөр дараа дараагийн стратегийн ордууд, мега төслүүдийг хөрөнгийн зах зээлтэй холбох жишиг тогтоно. Нийгэм өөрөө энэ замаар хөгжихийг хүсч шаардана. Дараагийн удаад илүү нарийн төлөвлөгөө, судалгаатай ажиллаж ашигт малтмалын ордуудаа хөрөнгийн зах зээлтэй илүү нягт холбож, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэх, иргэддээ баялгийнхаа эзэн суух боломжийг улам бүр өргөн нээн өгч чадна. Ингэснээр Азидаа тэргүүлэх “МЕГА хөрөнгийн зах зээл”-ийг хөгжүүлэх боломжтой болох юм. Эцсийн үр дүнд, Монголын эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдэнэ. Иргэд нь ч чинээлэг амьдарна.

Шийдэл: 1072 ширхэг хувьцааг яаж үнэ цэнэтэй болгох вэ?

Хувилбар нэг: Тавантолгойн хэлэлцээрийн явцад нүүрсний нөөц ашигласны төлбөр болох роялтийн 40 хувийг Эрдэнэс -Таван толгой ХК-д шилжүүлэх, иргэдэд ногдол ашиг тараах асуудал хэлэлцэгдэж байсан. Хэрэв гэрээг дээрх байдлаар үзэглэвэл иргэдийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржид арилжаалах боломж бүрдэнэ. 1072 ширхэг хувьцаанд ямар нэг ногдол ашиг тараагдахаар болсон тохиолдолд мэргэжилтнүүд онолын үндэслэлд тулгуурлан дотоодын бирж дээр хувьцааг арилжаалах боломжтой болгох нь зөвхөн цаг хугацаа, техникийн асуудал болох юм. Энэ  хувилбарын давуу тал нь хэрэгжихэд хялбархан боловч сул тал нь иргэдийн хүртэж буй өгөөж бага байна гэсэн үг.

Хувилбар хоёр: Консерциумд багтаж байгаа Энержи ресурс ХХК-ийн толгой компани болох Монголиан майнинг корпорейшний хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэх, арилжаалах тухай саналыг гаргаж байна. Одоогоор Хонконгийн биржид хувьцаагаа арилжаалж буй уг компанийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгэж, арилжаалах ажлыг 18-24 сарын хугацаанд гүйцэтгэх боломжтой гэж тус компанийнхан үзэж байгаа юм. Мөн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Ийгл ТВ-д өгсөн ярилцлагадаа “Бид хувьцаагаа дотоодын биржид арилжаалах тухай байнга бодож ирсэн. Одоо ч гэсэн энэ бодол, хүсэл маань хэвээр байгаа. Харин 2010 онд бид хувьцаагаа Хонконгийн биржид гаргаж байхад манай хөрөнгийн зах зээлээс бидний хүсч байсан хэмжээний хөрөнгө оруулалтыг татахад хүндрэлтэй байсан. Хууль эрх зүйн орчин муу байлаа. Харин одоо бол өөр. Бид хувьцаагаа дотоодын биржид арилжаалах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв. Хэрэв энэ санал ажил хэрэг болвол Тавантолгойн ордоос жинхэнэ утгаараа ашиг хүртэх өргөн боломж бий болох юм. Учир нь Тавантолгойн гэрээ үзэглэгдэж, төсөл амжилттай хэрэгжвэл уг төслийн дийлэнх ашгийг тус компани хүртэнэ. Компанийн ашиг өсөхийн хэрээр хувьцааны ханш өснө. Хувьцааг нь иргэд Монголын Хөрөнгийн Биржээс шууд худалдан авах замаар Таван толгойн ордынхоо үр өгөөжийг шууд хүртэх боломж бий болно. Мөн дотоод, гадаадын институциональ хөрөнгө оруулагчид Таван толгойн ордоос ашиг хүртэх зорилгоор дотоодын зах зээлд орж ирэхийг үгүйсгэхгүй. Сул тал  нь иргэдийн хувьд уг компанийн хувьцааг өөрсдийн мөнгөөр худалдаж авна.

Хувилбар гурав: Нэгдүгээр хувилбарт өөрчлөлт оруулж илүү боловсронгуй болгосон хувилбарыг энд санал болгож байна. Хувилбар нэгийн дагуу иргэд 1072 ширхэг хувьцаандаа жил бүр ногдол ашиг авах эсвэл ирээдүйд авах ногдол ашгаа өнөөгийн үнэ цэнээр нь биржид арилжаалах боломжтой байхаар санал дэвшүүлсэн. Тэгвэл энэ хувилбарт иргэд ногдол ашиг авахгүй, мөн хувьцаагаа арилжаалах боломжгүй байна. Харин тэрхүү ногдол ашгаар “Хөрөнгө оруулалтын сан” байгуулж, түүнийг нь хувийн чадварлаг, туршлагатай менежментийн баг удирдах замаар мөнгөө өсгөж үржүүлэх юм. Жишээ нь, жил бүр орж ирэх ногдол ашгийн мөнгөөр Монголиан майнинг корпорейшн(Таван толгойн орд), Түркүоиз хилл ресурс(Оюу толгойн орд) гэх зэрэг Монголын ашигт малтмалын ордуудад тулгуурласан гадаадын биржид хувьцаагаа гаргасан компаниудад хөрөнгө оруулж болох юм. Ордуудыг эргэлтэнд оруулж компаниуд нь ашигтай ажиллахын хэрээр хувьцааных нь ханш өснө. Тэр хэрээр хувьцаанд хөрөнгө оруулсан  “Хөрөнгө Оруулалтын Сан”-гийн хөрөнгө буюу иргэдийн хөрөнгө өссөөр байна. Мэдээж хэрэг уг сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг нарийвчлан боловсруулах, хуулийн зохицуулалт, хөрөнгийн зарцуулалтыг тодорхой болгох, хувийн менежментийг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэх гээд наана нь хийх ёстой олон ажил бий. Энэ хувилбарын сул тал нь хэрэгжихэд төвөгтэй, цаг хугацаа шаардах боловч давуу тал нь урт хугацаандаа иргэдийн хүртэх ашиг нэмэгдэх юм.

Эцэст нь тэрбум тэрбум ам.доллараар хэмжигддэг мега төслийн үр ашгийг цөөн тооны компаниуд хүртдэг бус Монголын хөрөнгийн зах зээлээр дамжуулан нийгмээрээ шууд хүртдэг байх боломжийг бүрдүүлж чадвал бид эдийн засаг, нийгэмд бугшаад буй олон өвчнөөсөө салахад тустай. Үүний эхлэл нь Тавантолгой байх боломжтой. Хэрэв бид Тавантолгойн ордын үр ашгийг дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан хүртдэг болвол энэ нь дараа дараагийн ордуудаас нийгмээрээ ашиг хүртэх сувгийг нээх эхлэлийн цэг, цаашдын жишиг болох юм.

 

 

Эх сурвалж: “Хувьцаа ямар ашигтай вэ?” номын хэсгээс

Ном захиалах: 99803111

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэхүү ном нь дөрвөн бүлэг, нэмэлт 20 гаруй шигтгээнүүдтэй. Нэгдүгээр бүлэгт дэлхиийн томоохон хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил, тэдгээрийн туршлагаас бид юу суралцаж болох талаар өгүүлсэн бол, хоёрдугаар бүлэгт Монголд хөрөнгийн зах зээл хөгжвөл ард иргэдийн амьдралд ямар хэмжээний томоохон эерэг өөрчлөлт гарч эдийн засаг, нийгмийн хөгжил хурдсах боломжтойг тайлбарласан. Гуравдугаар бүлэгт Монголын хөрөнгийн зах зээлийг системээр нь танилцуулж уг системийн хаанаас ямар үйлчилгээ авах боломжтойг уншигч таньд тайлбарлан таныг хөрөнгийн зах зээлд хөл тавиха тусална. Эцэст нь Монголын хөрөнгийн зах зээлд хэрхэн урт ба богино хугацаанд амжилттай хөрөнгө оруулалт хийх боломжтойг номын зохиогчид өөрсдийн туршлагад үндэслэн арилжаа, хөрөнгө оруулалтын оновчтой арга, аргачлалыг тайлбарлан бичсэн. Үндсэн бүлгүүдээс гадна шигтгээ байдлаар дэлхийн томоохон хямралуудын учир шалтгаан, сургамж болоод алдартай хөрөнгө оруулагчдын туулсан хүнд хэцүү зам, амжилтын түүх, аварга том компаниудын амжилт болоод уналт, ёс суртахуунгүй хүмүүсийн ёс бус үйлдлүүд хөрөнгө оруулагчдыг хэрхэн хохироож, өөрсдөө хэрхэн шийтгэгдсэн тухай өгүүлнэ. Мөн Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж болохуйц дөрвөн бодлогын саналыг бодлого боловсруулагчдад энэхүү номоор дамжуулан хүргэж байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%