ӨВЛИЙН ӨВӨӨГИЙН БЭЛГЭНД ЗЭС ИРЖ БОЛОХ Л ЮМ...

За хэдүүлээ ёолкдож ханаад шартаж ёолоод дууссан гэж найдаж байна. Рашаан болох болтугай. Хамгийн түрүүнд эрүүл болж авсан хүмүүс одоо ирж буй жил бидэнд юу авчирж буй тухай жаахан бодох ёстой болов уу. Хэдийгээр хүн бүр төсвийн алдагдал, Чингис өвгийнхөө нэрээр зээл тавиад уучихсан “ӨР”-ийн эхний эргэн төлөлтийн тухайд шуугиж буй ч түүнийг төлөх орлого маань хаанаас бүрдэх, тэр орлогыг бүрдүүлдэг бараа, бүтээгдэхүүн, материалын үнэ хэд хүрч биднийгээ баясгах эсвэл урвайлгах тухай анхаарах нь бага шиг харагдаад байна. Цаг алдаж хөдөлдөг гэм биш зангаараа байвал нөгөө л “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” үлгэрээ давтах байх даа…

Монгол орны хувьд гадагш нь зарж мөнгө олдог орлогын маань 90 хувь илүүг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг юм. Өөрөөр хэлбэл хэрэв уул уурхайн бүтээгдэхүүний үнэ навс унавал манай ЭЗ навс унаж уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сэгсийтэл босоод ирвэл манай эдийн засаг сэп хийтэл босож ирдэг гэсэн маш бүдүүлэг бас өнөөгийн Монголын засаглалын чадамжийн хэмжээнд таарсан ойлголтыг бүгдээрээ мэдээд авчих хэрэгтэй байх. Уг нь бол сүрхий бодлоготой улс орнууд хэдий энэ салбараас хамааралтай эдийн засагтай ч уул уурхайн бүтээгдэхүүний үнийн энэ савлагаанаас ангид, тогтвортой Эдийн засгийн орчныг бий болгоод явцгааж л байна. Хүсвэл ч байж боломгүй зүйл бол биш л дээ.

Энд би цэвэр дотоодын шалтгаантай ах дүү, найз нөхдөө тойруулж тѳрийн албанд томилж аваад хувааж хусдаг “Aвлига” болон “Эх орондолт” гэх мэт хүчин зүйлсийг огт тооцохгүйгээр хэлж байгааг анхаарна биз. “Авлига” болон “Эх Орондолт” гэх мэт хүчин зүйлс нь дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хөдөлгөөнөөс шалтгаалсан эдийн засгийн хямралаас хавьгүй илүү хямрал бүтээж чаддаг хүчин зүйлс билээ. Жишээ нь, саяхан баахан дуулиан болсон нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ манай Монголын төрийн өмчийн компанийн зардаг үнэ хоёрын зөрүүг санаж байгаа байх…

 “Авлига” болон “Эх Орондолт” гэх мэт хүчин зүйлс нь дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хөдөлгөөнөөс шалтгаалсан эдийн засгийн хямралаас хавьгүй илүү хямрал бүтээж чаддаг хүчин зүйлс.

Дээр дурдсан гадаадаас орж ирдэг орлогын 90 хувийг үндсэндээ тѳмрийн хүдэр, зэс, нүүрс за тэгээд жаахан алт зэрэг бүрдүүлдэг билээ. Эдгээр нь дэлхийд хамгийн их ашиглагддаг уул уурхайн бүтээгдэхүүнүүд бөгөөд энэ утгаараа олон ч орон тэдгээрийг олборлож зардаг юм. Тиймээс зөвхөн Монголд байгаад урвайсан муусайн шуналт хужаа нар тэр баялгийг нь авах гэж байхад ухаант мэргэн төрийнхөн маань аварч үлдэж алдраа мандуулаад байгаа ч зүйл биш л дээ.

Уул уурхайн бүтээгдэхүүн хэрэглэгчид олборлогч бүртэй наймаа хийж байгаа. Хэн хямд үнэ, бага асуудал санал болгосон нь өрсөж зах зээлээ эзлээд явдаг жамтай систем билээ. Ялангуяа дэлхийн нийт зэсийн хэрэглээний 48 хувь, нүүрсний 49 хувь, гангийн 46 хувь, алтны 26 хувь  орчмыг дангаараа хэрэглэдэг аварга худалдан авагч зөвхөн Монголоос царай алдаад суух нь юу л бол.

Ирэх онд дээрх 4 нэрийн үндсэн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр хэдий хэр байх нь бидэнд амин чухал ач холбогдолтой. Ядаж л Фортуун гэх мэт хүмүүсийн гэнэт сэддэг хуулиуд шиг юу нь мэдэгдэхгүй 68 хувийн татвар энэ тэр гэж орж ирдэг шиг байхгүй байвал хаа хаанаа дээр гэдгийг бүгд ойлгож хаширсан байх гэж бодож байна.

Зэсийн нийлүүлэлт хэт их байхаас хамаарч үнэ олигтой өсөхгүй гэж таамаглаж байсан хөрөнгө оруулалтын сангууд болон шинжээчид 2020-оод он гартал зэсийн зах зээлийн хувьд  өөдрөг байж болохоор 3-5 жил ирж байна гэж таамаглаж байгаа нь манайд тун таатай мэдээ юм. Энэ нь хэд хэдэн шалтгаантай гэж бичицгээж байна.

Саяхан Америкийн сонгууль бидэнд ямар хамаатай юм гээд “Эх орондогчид” үзэж тараад байгаа харагдсан. Бид ямар нэг тас харанхуй хөмөрсөн тогоон дотор эсвэл тусдаа арал дээр хэнтэй ч харьцахгүй амьдардаггүй учраас дам утгаар, зарим тохиолдолд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гэх мэтэд бол бүр шууд хамаатай байдаг юм л даа уг нь.  Шинэ гарсан ерөнхийлөгч Трамп 500 тэрбум ам.долларыг дэд бүтцийн салбартаа зарцуулна гэж зарласан нь зах зээл дээрх металлын үнэд эерэг хүлээлт үүсгэж байна.

Гэвч зарим судлаачдын үзэж буйгаар АНУ нь дотоодын үйлдвэрлэгчдээсээ эхэлж авах бодлого болон дэлхийн нийт зэсийн хэрэглээний дөнгөж 8 хувь орчмыг эзэлдэг зэргээс харвал айхтар том нѳлѳѳлѳл бага байх юм. Харин АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн сонгогдож ямар бодлого барих нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дээр гэхэд л их хамаатай л даа.

Дэлхий даяарх орд газруудын агуулга эрс унаж буй явдал дараагийн үнэ өсѳх шалтгаан болох юм. Өөрөөр хэлбэл тухайн уурхайн бүх зардал түүн дотроо авлига, шахааны бизнесийн зардал хүртэл орж тооцогдоод тооцоод зах зээл дээрх үнээр зарахад хэр хэмжээний зөрүү гарах вэ гэсэн харьцааг хэлж байгаа болно. Манай Эрдэнэт үйлдвэрийн олборлох зардал бууж өгдөггүй улам “өсөөд” л байдаг юм гэнэ лээ. Сонин шүү тийм ээ?

Авто машин үйлдвэрлэл болон гэр ахуйн электрон бараа, нөхөн сэргээгддэг эрчим хүчний салбарт гарч буй хувьсгал нь зэсийн эрэлтийг эрс нэмж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын гудмаар дүүрэн явдаг гибрид Приус машинд ердийн машинаас  2 дахин их буюу 50 кг орчим зэс ордог бол сүүлийн үеийн тренд болж байгаа бүрэн электрон машинуудад 3 дахин их буюу 75 кг орчим зэс ордог болж байгаа нь хэрэглээг огцом өсгөж үнэд эерэг нөлөө үзүүлж байна. Гол үйлдвэрлэгч Чили улс үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх гэж бүх хүчээрээ үзэж асар их хѳрѳнгѳ оруулалт хийж байгаа ч дээр дурдсан орд газрын агууламжийн бууралт болон эрчим хүч, усны хомсдолоос шалтгаалан одоо гаргадаг хэмжээгээ дөнгөж барих ажээ.

Дэлхийн зах зээлийн үнэд нөлөөлөх хэмжээний шинэ уурхай хайж олох, зөвхөн олсноо барьж байгуулаад ашиглалтад орж бүтээгдэхүүнээ гаргах хүртэл ойролцоогоор 20 жил орчим хугацаа зарцуулагддаг тул ойрын ирээдүйд эрс нэмэгдсэн хэрэглээг  хангах боломж тун бага юм. Эцэст нь мэдээж сүүлийн хэдэн жил үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс бууруулсан Хятадын эдийн засаг эргэн эрчимжих болсон том шалтгааныг судлаачид онцлон тэмдэглэж байгаа юм. Энэ эерэг хүлээлттэй зэрэгцээд BHP зэрэг томоохон олборлогчид ирэх оны хайгуулын зардлаа эрс нэмэгдүүлж байгаагаа зарлаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг анхаарах ёстой нь зэс болон бусад металлын үнэ ойрын хэдхэн жилдээ өсөөд эргээд 2020 он орчим уналтад орно гэсэн таамаглал давамгайлж байгааг анхаарах хэрэгтэй байх.

Санаснаар болдог бол энэ өсөлтийг тааруулаад Эрдэнэтийн 51 хувийг 49 хувь авсан хүмүүст нь нэмж зараад "Оюу Толгой"-н 34 хувийг "Рио Тинто"-д эсвэл хэн нэгэнд зарж хариуд нь роялтийн хэмжээ болон төр хувь эзэмших гэж шал дэмий буулт хийн олон татвар хураамжийн хэмжээг бууруулан олон жилээр царцааснаа хэвийн болгож өсгөөд авчихвал угтан ирж буй том өрөө дараад эдийн засгаа өндийлгөхөд тун их нэмэртэй л ажил болно. Ѳмнѳх Засгийн газар "Оюу Толгой" дахь тѳрийн мэдлийн хувиа зэсийн үнэ тун муу байх үед "Рио Тинто"-д зарах санал тавьсан байсан. Энэ яриа хэлэлцээрээ одоо л дахин ярьж эхэлбэл илүү дээр цаг үе ирж буй ажээ. Эрдэнэтийн тухайд 49 хувийг худалдаж авсан айл ашиггүй юманд хөрөнгө оруулаагүй нь эндээс тун тодорхой харагдаж байгаа байх.

Монгол улсын хувьд зэсийн 2 томоохон уурхайтай бөгөөд эндээ төр нь хувь эзэмшдэг, төр хувь эзэмшсэний хэрэг нь нийт ард түмэнд өгөөжтэй гэхээсээ тѳр барьж буй хэсэгхэн хүмүүст илүү ашигтай гэдэг нь “Шахааны бизнес”-ын дуулианууд болон улсын төсөвт ордог татвар хураамж, шимтгэл, роялтигийн хэмжээ ба хувь эзэмшсэний ногдол ашгийн хэмжээ хоёрын зөрүүгээс тод харагддаг билээ...


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%