’Эрүүл мэндийн зөвлөгөөг хэзээ ч бүү шууд хүлээж ав’

Энэхүү нийтлэл Нью Йорк Таймс сонины цахим хуудсанд 2017 оны 1 сарын 16-нд нийтлэгдсэн юм. Уг нийтлэлийг бичсэн Аарон Кэролл нь хүүхдийн эмч, Индианагийн Анагаах Ухааны Их Сургуулийн профессор бөгөөд уг сонинд олон нийтийн эрүүл мэндийн талаар Upshot гэдэг булан хөтөлдөг хүн юм.  

Эрүүл мэндтэй холбоотой ялангуяа хооллох талаарх мэдээ, зөвлөгөөг эргэлзэж үзэлгүйгээр шууд  хүлээж авч хэзээ ч болохгүй.

Аарон Э. Кэролл

Анагаахын салбарын судлаачид ажлынхаа үр дүнг нийтлэх үүрэгтэй. Эрүүл мэндийн салбарынхан шинжлэх ухааны ололттой хөл нийлүүлэхийн тулд энэ үр дүнд тулгуурлаж олон нийтэд зөвлөмж гаргах нь зүй. Энэ зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд түгээхийг өөрсдийн үүрэг гэж үздэг. Харин энэ явц, дамжлагын дунд заримдаа ямар ололт нь нотлогдсон, ямар нь тун өндөр магадлал бүхий таамаг вэ гэдгийн ялгаа зааг арилчихдаг гэмтэй.

Саявтар Харшил ба Халдварт Өвчнийг Судлах Үндэсний төвөөс самрын харшлын талаарх зөвлөмжөө өөрчилсөн нь намайг энэ талаар бодоход хүргэсэн юм. Харшил судлаачид хүүхдүүдэд  самрын уураг агуулсан бэлдмэл, бэлдмэл агуулсан хүнсний бүтээгдэхүүн зургаан сартайгаас нь эхлэн өгөх нь зүйтэй гэж үзжээ. Энэ нь ялангуяа энэ самрын харшлын өндөр эрсдэлтэй хүүхдүүдэд маш үр дүнтэй гэдгийг тэд бас онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү зөвлөмж болоод үүнийг гаргахад хүргэсэн судалгааны талаар би өмнө нь дэмжиж бичиж байсан билээ. Чамбай судалгаа хийж үзэхэд нярай үедээ самрын уураг бүхий хоол хүнс хэрэглэсэн хүүхдүүдийн хувьд энэ төрлийн самрын харшлын эрсдэл огт хэрэглээгүй хүүхдүүдээс илэрхий буурсан байжээ. Судлаачдын гаргасан тооцоогоор уг уургийн бэлдмэлийг хэрэглэсэн долоон хүүхэд тутамд харшилд өртөх хүүхдийн тоо нэгээр багассан бол бол эрсдэл өндөртэй бүлэгт дөрвөн хүүхэд тутамд нэгээр багасчээ. Энэ бол маш тодорхой, өндөр ач холбогдолтой үр дүн юм.

Гэхдээ үүний өмнөх зөвлөмж нь мэдээж дундаж зууны үед гарсан юм биш гэдгийг санах нь чухал. Америкийн Хүүхдийн Эмч нарын Академи 2000 оныг хүртэл хүүхдийг гурван нас хүртэл нь газрын самар огт өгч болохгүй гэж зөвлөж байжээ. Тэгвэл дээрх туршилтын үр дүнг харгалзаж үзвэл, уг зөвлөмж газрын самрын харшилтай хүүхдийн тоог цөөлөх биш харин ч нэмж байсан болж таарах нь ээ.

Энэ бол цорын ганц жишээ биш. Хүүхдийн эмчийн хувьд миний бие Академийн болоод бусад эрүүл мэндийн байгууллагуудын гаргасан онгоцонд хүүхдийн тусгай суудал тавих хэрэгтэй эсэх, хүүхдийг хаана унтуулах нь зөв эсэх, ашгийн төлөөх эмнэлэгийн байгууллагууд гэх мэт асуудлаар гаргасан зөвлөмжүүдийн талаар энэхүү буландаа олон ярьж бичиж байсан бөгөөд хэрвээ зөвлөмжийн ард баттай нотолгоо үгүй бол ийм зөвлөмж тус биш ус болж болох вий гэж санаа зовж буйгаа цаг тухайд нь илэрхийлж байлаа.

Мэдээж Америкийн Хүүхдийн Эмч нарын Академи санаатайгаар буруу зөвлөмж тараагаагүй, тэгээд ч тэд алдаа гаргасан цорын ганц байгууллага бас биш юм. Жишээ нь, хөхний хорт хавдар оношлох зорилготойгоор бүх эмэгтэйчүүдийн хөхний рентген зураг авах нь чамбай нягталсан судалгааны дагуу тогтоосон хэм хэмжээ биш. Үр ашиг, эрсдэлийн тооцоогоор тийм ч зөв үйл ажиллагаа биш гэдэг нь харагдсан тул хамрах хүрээг нь багасгаж байгаа юм. Цаашлаад түрүү булчирхайн хорт хавдрын оношлогооны шинжилгээ мөн л иймэрхүү асуудалтай тулгараад байгаа. Цэвэршлийн үед эмэгтэйчүүдэд өгдөг дааврын эмчилгээ 2000 оноос өмнө бараг бүх эмэгтэйчүүдийг хамарч байсан бол Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Урдчилсан судалгаагаар үр ашиггүйд тооцогдоод хэрэглэхээ больсон байна. Харин өнөөдөр магад дааврын эмчилгээ байхгүй байгаа явдал зарим эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амь насанд хохиролтой байж болох тухай эргэлзээ эргэн ирсэн байдаг.

Бүх төрлөөс зөв хооллолтын талаарх зөвлөмж бол хамгийн толгой эргүүлсэн замбараагүй нь яах аргагүй үнэн билээ. Хүнсний өөх тос хязгаарлах зөвлөмж нь нүүрс усны хэрэглээг өсгөсний улмаас таргалалтын тархалтыг улам дэвэргэсэн гэж судлаачид үзэж байна. Кофений талаарх нарийн судалгаа эрүүл мэндэд муу нөлөөгүй гэдгийг саяхан нотлох хүртэл энэ ундаа хавдар үүсгэх чадвартай бүтээгдэхүүний жагсаалтанд байсан билээ. Цаашлаад өглөөний цайгаа заавал ууж бай, ус ихээр ууж бай, чихэр орлуулагч хэрэглэж бай гэх мэт ямар нэг шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаатай судалгааны үр дүнд тулгуурлаагүй зөвлөмжүүд бидний амьдралд баттай байр суурь эзэлж хэдийнээ амжжээ.

Зөвлөмж ихэнхдээ хүмүүст тус нэмэр болох зорилготой бий болдог. Бид тодорхой бүлгийн хүмүүст үр дүнтэй байгаа зөвлөмж бусдад мөн хүртээлтэй гэж боддог. Хөхний хавдрын эсвэл түрүү булчирхайн хавдрын өндөр эрсдэлтэй хүмүүс ойр ойрхон шинжилгээ өгөх шаардлагатай байж болно. Харин бүх нийтийг хавтгайд нь хамруулаад эхлэхээр буруу зөрүү алдааны тоо нэмэгдэж үр ашиг нь буурдаг. Дааврын эмчилгээ магад залуугаараа саваа авахуулсан гэх мэт шалтгаанаар цэвэршиж байгаа бүлэгт илүү үр дүнтэй байж болно. Харин үлдсэн хүмүүст үр дүн байхгүй хэрнээ эмчилгээний дагуул шинж тэмдэг илрэх эсвэл бүр муу үр дагавартай ч байж болох юм.

Зарим тохиолдолд зөвлөмж аливаа ажиглалтын зөвхөн эерэг тал дээр тулгуурласан байдаг нь асуудлын ярвигтай талыг нь орхигдуулдаг талтай. Жишээ нь, нярай хүүхдийг хаана яаж унтуулах талаарх зөвлөмж зарим талаараа эцэг эх, хүүхдүүдийн хувьд муу үр дагавартай байх тохиолдол байж болно (жишээ тул байж болно гэснийг дахин онцолъё).

Гэхдээ ямар нэг зөвлөмж буруудах нь ихэнхдээ чамбай судалгаанд тулгуурлаагүй байдгийнх. Тохиолдлын, хяналтын бүлэг оролцсон (randomized, controlled) судалгаа биш ажиглалт төдийд суурилсан зөвлөмжүүд энд багтана. Энэ нь ямар нэг үйл явдлын шалтгаан биш ердөө хамаарлын ажиглалт төдий тул үүнд суурилсан зөвлөмж олон байгууллагын нэр хүндийг унагаадаг.

Харамсалтай нь хоол хүнсний талаарх зөвлөмж бүгд болохгүй асуудлуудыг зэрэг агуулж байдаг зовлонтой. Өөх тосыг хязгаарлах, нүүрс ус хязгаарлах, глүтэнгүй хоолны дэглэм барих эсвэл самар идэхгүй байх зөвлөмжүүдэд буруу зөвлөгөөний шинж тэмдгүүд бүгд илэрдэг байна. Ямар нэг дэглэм тодорхой бүлгийн хүмүүст таатай нөлөөтэй байж болно. Харин түүнийг бүх хүнд хамаатуулан зарлаж зөвлөх нь эрүүл мэндийн олон байгууллагын гаргадаг нийтлэг алдаа юм. Судалгааны үр дүнд эерэг ажиглалтын хажуугаар эсрэг үр дүн гараад ирэхээр яадаг вэ? Зарим байгууллага сөрөг эсвэл өөрсдийн таамгаас зөрсөн ажиглалтыг орхигдуулдаг нь ёс зүйгүй үйлдэл. Харин олон жил өнгөрсөн хойно энэ бүгдийг эргэж харахдаа бид юу бодож ийм юм хийсэн байнаа гэж харамсах хэрэг гарвал яах билээ?

Амьдралын хэв маягаа өөрчлөх нь хүний эрүүл мэндэд ямар нэг эмчилгээнээс илүү үр дүнтэй байж болох талаарх ажиглалт, баталгаа нэмэгдсээр байгаа билээ. Гэхдээ иймэрхүү зөвлөмжүүд тамхи бүү тат, архи хэт их уухгүй бай, биеийн тамир хий, эрүүл хоолло гэх мэт маш ерөнхий зөвлөгөө өгөх ба ямар нэг мэдэгдэхүйц том өөрчлөлт шаарддаггүй. Тэгэхээр аливаад жорыг нь тохируулж бай гэвэл хамгийн зөв зөвлөмж байж мэдэх юм.

Энэ бол олон жилийн турш миний өөрийнхөө бичсэн хоол хүнсний талаарх зөвлөмжөө эргэж хараад төрсөн бодол бөгөөд сүүлийн үед бичсэн нийтлэлүүд маань чухам ийм философид тулгуурласан юм. Магад хүн бүр жорыг нь тааруулж чаддагсан надад ийнхүү үзэг цаас нийлүүлэх шаардлага эрс цөөрөх бизээ.

 Эх нийтлэл: https://www.nytimes.com/2017/01/16/upshot/how-to-prevent-whiplash-from-ever-changing-medical-advice.html?_r=0


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%