ШИРЭЭНИЙ НОМ: Жан Жак Руссогийн 'Нийгмийн гэрээ'

Монголчууд бид хотожсон нийгэмд амьдрах тухайд харьцангуй бага туршлагатай нь үнэн. Зуун жилийн өмнөхийг хүртэл бид хот суурин газрын нийгэмд биш, харин нүүдлийн аж ахуйд, мал адгуулан байгалиас бүрэн хамааралтай аж төрж байлаа. Далан жилийн социализмын дараа, 1990 оноос хойш монголчууд барууны маягийн ардчилалд хөл тавьсан билээ.

Энэхүү ардчилсан тогтолцоо нь түүхийн болон онолын ямар зарчим дээр тулгуурлаж хөгжсөн бэ? Энэ тогтолцоонд хувь хүн иргэний зүгээс төр, нийгэмд хэрхэн хандаж, хэрхэн харилцаанд орох нь зүйтэй вэ? Бид, нийгмийн хувиар, ахиц дэвшилд хүрэхийн тулд улс төрчдөөс юу шаардах боломжтой, юу шаардах ёстой вэ? Иргэний зүгээс улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломж юу вэ, яаж оролцох ёстой вэ?

Сайтар цэгцэрсэн нийгэм хаана ч өнөө маргаашийн дотор бий болчихоогүй урт удаан хугацааны уйгагүй тэмцлийн үр дүн байдаг. Нийгэмд хамтдаа амьдрах гэдэг нь их хэмжээний туршлага, ухаарал шаардах нарийн төвөгтэй ажил. Улс төрийн тулгуур бичвэр болсон дахин шинээр орчуулсан Жан Жак Руссогийн “Нийгмийн гэрээ” номоороо бид өмнөх өгүүлбэрт дурдсан их хэмжээний туршлага, ухаарал хуримтлуулахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

Энэ номын зохиогч Жан Жак Руссо бол Францын Соён гэгээрлийн эриний чухал төлөөлөгч билээ. Утга зохиол, сурган хүмүүжил, намтар, философийн чиглэлийн бүтээлүүдээрээ Руссо бүхэл бүтэн нэг үеийг төлөвшүүлсэн. Энэ хүн, амьдарч байсан цаг үе төдийгүй хожмын философич, зохиолчдод ч ямар их сүр нөлөөтэй байсныг хэлж баршгүй. Кант түүнийг “Ёс суртахууны ертөнцийн Ньютон” гэж нэрлэж байсан бол түүний шүтэн бишрэгчдийн эн тэргүүнд бас Карл Маркс, Лев Толстой нарыг дурдаж болно. Гэхдээ Руссогийн нөлөө зөвхөн сэхээтний бүлгээр хязгаарлагдаагүй юм. Францын хувьсгалын гол төлөөлөгчдийн нэг болох Максмиллиан Робеспьер түүнтэй байнга уулзаж, хожим түүнд зориулж марш хөгжим бичиж байлаа. Францын хувьсгалын энэ үед, бодит хүмүүсийн дүр зурагтай хөзөр худалдаанд гарч байсны хөзрийн тамгуудын нэгэн дээр гартаа Нийгмийн гэрээ-г барьсан Руссог дүрсэлсэн байв.

Энэ ном түүний сурган хүмүүжлийн чухал бүтээл болох Эмиль-тэй нэгэн зэрэг буюу 1762 онд хэвлэгджээ. Өөрөөр хэлбэл, Нийгмийн гэрээ Руссогийн хамгийн үр бүтээлтэй он жилүүдэд тооцогддог 1752-оос 1762 оны үед хамрагддаг гэсэн үг.

Руссо, энэ номоороо улс төрийн нарийн эмзэг асуудлыг хөндсөн гэдгээ мэдэж байснаас гадна өмнөх бүтээлүүдээрээ Францын ном бүтээлийн хоригт өртөн хохирч явсан учир Нийгмийн гэрээ-гээ номын агуулгад харьцангуй чөлөөтэй ханддаг Амстердамд хэвлүүлжээ. Руссо ийнхүү чадах чинээгээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан ч төрийг болон шашны хийдийг хурц шүүмжилж бичсэн Нийгмийн гэрээ-г Нидерланд, Франц улс, Женев, Берн хотод хэвлэгдсэн даруйд нь хатуу хориглох болж үүний зэргэцээгээр бас Европын бусад улсуудад энэ ном тасралтгүй уншигдаж, өргөн хэлцүүлэг маргацгаан явагдсаар байсан юм. Виктор Хюгогийн хагас зууны дараа “Цаг хугацаа нь гүйцсэн үзэл бодолыг зогсоох хүч байдаггүй” гэж хэлснийг Руссогийн Нийгмийн гэрээ-нд шууд хамаатуулан ойлгож ч болохоор. Энэ ном эцэстээ Франц орондоо эргэж ирээд, Монтескьёгийн Хуулийн амин сүнс номын хамтаар, Францын хувьсгалын гол гарын авлага болж, нийгмийг үндсээр нь өөрчлөхөд томоохон хувь нэмэр оруулжээ.

Улс төр, оюуны хөгжлийн хувьд асар их нөлөөтэй энэ номын зарим хэсэг нь уншигдаж ойлгогдоход төдий амаргүй байхыг үгүйсгэхгүй. Энэ нь номын гол санаа ойлгоход хялбархан байж болох ч Руссогийн үг хэллэгийг ойлгох, эдгээрт дасах зайлшгүй шаардлагатай учир түүний нарийн тодорхой тайлбар, хөндөж тавьсан асуултуудыг ойлгоход цаг хугацаа, хүчин чармайлт шаардах нь дамжиггүй. Түүнчлэн уншигчид Руссогийн гаргаж тавьсан санаа бүртэй өнөөдөр санал нэгдэх албагүй. Энэхүү бүтээл, улс төр, нийгмийн тухай үндсэн суурь асуудлуудыг гаргаж тавьсан, энэ чиглэлээр уншиж судлах эрмэлзэлтэй хүн бүрийн зайлшгүй унших ёстой номуудын нэг учир орчуулгын бид ажилд ихээхэн анхаарал тавьсаныг энд зориуд дурдмаар байна.

Гэхдээ хожмын философичид түүний санааг судалж, цаашид улам бүр хөгжүүлсэн гэдгийг уншигч мартаж болохгүй.  Цаашлаад, орчин үеийн улс төрийн философийг ухаж ойлгохын тулд уншигч, Руссо болон түүний үзэл бодлын тухай тодорхой мэдлэгтэй байх зайлшгүй шаардлагатай гэдгийг ч харгалзан үзлээ.


avatar
    • Зочин
    • 75.82.92.*

    Элэн балрын ном унших хүн олдох уу

    • Зочин
    • 182.160.32.*

    Тэнэг хүн дуугай байхдаа ухаантай харагддаг гэдэг. Заавал унших ёстой номны жагсаалтанд байдаг ном дахин хэвлэгдсэнд баяртай байна

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%