Дэлхий юу уншиж байна вэ: ХООСОН ТАРХИ БУЮУ ХҮН КОМПЬЮТЕР БИШ

2016 онд дэлхий дахинд хамгийн их уншигдсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн нийтлэлийн нэг болох сэтгэлзүйч, эрдэмтэн Робэрт Эпстэйний  "Хоосон тархи буюу таны тархи компьютер биш" нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Робэрт Эпстэйн нь Калифорнийн Зантөлвийн Судалгааны Америк Инстүүцийн ахлах сэтгэлзүйн судлаач ба мэргэжлээрээ 15 ном бүтээл гаргасан, Psychology Today сэтгүүлийн ерөнхий редакторын алба хашиж байсан нэртэй эрдэмтэн юм.  Таны тархи компьютер биш. Хүн нэг бүрийн тархи буюу хүн нэг бүрийн мөн чанар дахин давтагдашгүй. 

 

Дэлхий юу уншиж байна вэ: ХООСОН ТАРХИ БУЮУ ХҮН КОМПЬЮТЕР БИШ

Уураг тархи судлаачид болон танин мэдэхүйн (когнитив) сэтгэл судлаачид хэчнээн чармайгаад ч хүний тархинаас Бетховений 5-р симфонийн эсвэл бүр ямар нэгэн өгүүлбэр, зураг, хэл зүйн дүрэм, ер нь бусад төрлийн орчин тойронд тань байх аливаа өгөгдлийн хуулбарыг хэзээ ч олж авч чадахгүй. Мэдээж хүний тархи яг ч тийм хоосон эд биш л дээ. Гэхдээ хүмүүс бидний уураг тархинд байдаг гэж боддог ой санамж гэх мэт энгийн зүйлсийг тархи үнэндээ агуулдаггүй юм. 

Уураг тархины тухай бидний шалихгүй мэдлэг эртний түүхтэй ч нэн ялангуяа 1940-өөд оноос эхэлсэн компьютерийн эрин үе биднийг улам бүр төөрөгдүүлсэн гэж хэлж болно. Өнөөг хүртэлх хагас зууны турш сэтгэл судлаачид, хэл шинжээчид,  неврологчид болон хүний зан байдлын талаар судалдаг бусад судлаачид хүний тархи яг л компьютер шиг ажилладаг гэж баталсаар ирсэн билээ.

Үүнийг ямар ч утгагүй дүгнэлт болохыг тайлбарлахын тулд нялх хүүхдийн тархиар жишээ авч үзье. Хувьслын ачаар дөнгөж төрсөн нярай хүүхэд бусад хөхтөн амьтдын үр төл шиг гаднах ертөнцтэй харилцах чадвартай төрдөг. Нярай хүүхэд эхэндээ бүдэгхэн хардаг ч хүний царайг онцгой анхаарч хардаг ба тун удалгүй ээжийнхээ царайг таньдаг болохоос гадна хацарт нь ямар нэгэн зүйл хүрэхэд тэр зүг рүү харж, амандаа орсон юуг ч хөхөх, усанд шумбуулбал амьсгалаа түгжих, гарт нь баригдсан зүйлийг өөрийнхөө жинг ч даах хэмжээтэй чанга гэгч атгах гэх мэт амьдрахад шаардлагатай хариу үйлдлийн хэдэн арван рефлекстэй байдаг. Энэ дундаас хамгийн чухал нь өвөг эцэг дээдэс нь амьдарч байснаас тэс өөр байсан ч хамаагүй орчин тойрондоо хурдан дасан зохицохуйцаар  хурдтай өөрчлөгдөхөд нь тусладаг маш хүчирхэг суралцах механизм юм.

Мэдрэхүй, рефлексүүд, суралцах механизм – бид бүгд эндээс амьдралаа эхэлдэг бөгөөд дээрх чадваруудаас аль нэг нь дутуу төрвөл амьд үлдэхэд хэцүү байх бизээ.

 

Харин бидний авч төрдөггүй зүйлс гэвэл: мэдээлэл, тоо баримт, дүрэм журам, програм хангамж, мэдлэг, үгийн сан, илэрхийлэл, алгоритм, програм, загвар, ой санамж, дүр зураг/дүрс, процессор, дэд програм, кодлогч, код тайлагч, ялгах тэмдэг, буфер. Бид эдгээрийг авч төрдөггүй төдийгүй өсч хөгжихдөө ч дотроо бий болгодоггүй, хэзээ ч.

 

Бид үгсийг юм уу тэднийг ашиглах дүрмийг дотроо хадгалдаггүй. Бид дүрс үзэгдлийн илэрхийлэл үүсгэж, богино хугацааны ой санамждаа хадгалж, улмаар түүнийгээ урт хугацааны ой санамж руугаа нүүлгэдэггүй. Бид ой санамжийн бүртгэлээс үгс, зураг, мэдээллийг татаж гаргадаггүй. Компьютер бол энэ бүхнийг хийдэг, харин амьд организм тэгдэггүй.

Компьютер бол жинхэнэ утгаараа мэдээллийг боловсруулдаг: тоонууд, үсэгнүүд, томьёо, дүрснүүд. Эдгээр мэдээлэл нь компьютерээр боловсруулах боломжтой 1, 0-ийн (бит) комбинац хэлбэрт коодлогдож, 8 бит нь баит гэгдэх нэг жижиг бүлэгт зохион байгуулагдсан байдаг. Битүүдийн дарааллын хэв маягаар жишээ нь d үсгийг, өөр нэг дарааллаар о үсгийг, өөр нэгээр g үсгийг, улмаар эдгээрийн нийлбэр дарааллаар dog гэсэн үг бүтээдэг. Компьютер энэ мэт өөр өөр хэв маягтай дарааллыг электроник биет дотроо байршуулж, хадгалж, өөр хооронд нь зөөвөрлөдөг. Эдгээрийгээ хуулж копидож, засварлаж бас чадна. Хуулах, засварлахад хэрэгтэй дүрмүүд ч компьютерт өөрт нь хадгалагдаж байдаг ба энэ дүрмүүдийн цогцыг алгоритм, програм гэж нэрлэдэг. Хүмүүст ямар нэг зүйл хийхэд тусладаг бүлэг алгоритмыг өдгөө бид аппликэйшн буюу апп гэж нэрлэх болжээ.

Компьютерийн тухай ийм урт тайлбар хийж байгаадаа хүлцэл өчье, гэхдээ нэг зүйл дээр ойлголтоо нэгтгэцгээх хэрэгтэй: компьютер гэдэг маань хорвоо ертөнцийг илэрхийлсэн тэмдэг, дүрсүүдийг ашиглаж ажилладаг. Үнэхээр хадгалдаг, тэндээсээ буцааж гаргаж ирдэг. Бас боловсруулдаг. Дотор нь биет ой санамж яг байдаг. Хийх үйлдэл бүр нь ямар ч найраагүй заавал алгоритмын дагуу хөдөлдөг.

Нөгөөтэйгүүр хүн бол тийм биш, тийм байгаагүй, тийм болохгүй. Тийм байтал яагаад ийм олон эрдэмтэн бидний оюун санааны амьдралыг компьютертэй зүйрлүүлж ярьж байдаг юм болоо?

Хиймэл оюун ухааны мэргэжилтэн Жорж Заркадакис 2015 он гаргасан “Бидний өөрсдийн төсөөлөлд” хэмээх номдоо сүүлийн 2000 жилийн турш гарсан хүн төрөлхтний оюун ухааны тухай зургаан гол зүйрлэлийг тайлбарласан байна. Хамгийн эртний үед Библэд гардагчлан бурхан хүнийг тоос, шавраар бүтээгээд өөрийн оюун сүнснээс өгсөн бөгөөд тэрхүү сүнс нь хүний оюун ухааны “тайлбар” болох юм, ядаж л тэнд тайлбарлаж байгаагаар нь бол.

МЭӨ 3-р зууны үед усны урсацыг өөрчлөх гидравлик технологи бий болсныг дагаад хүний оюун ухааныг ч мөн бие дэх шингэний урсгалын загвар гэх үзэл дэлгэрчээ. Энэ үзэл 1600 жилийн турш оршин тогтнохдоо эрүүл мэндийн практикт ихээхэн хүндрэл учруулсан юм.

1500-аад он гэхэд эрэг шураг, араа бүхий автомат хэрэгсэл дэлгэрч, түүнийг даган Ренэ Декарт гэх мэтийн тэргүүлэх зэргийн сэтгэгчид хүн бол нэгэн цогц машин юм гэсэн үзэл гаргажээ.1600-аад онд Английн философич Томас Хоббс бодлыг тархин дахь жижиг механик хөдөлгөөнүүдээс гардаг гэж үзсэн байдаг. 1700-аад он гэхэд цахилгаан, химийн ололтуудаас өөр олон шинэ онол төрсөн нь шинж чанарын хувьд мөн л хийсвэрлэл, зүйрлэлийн чанартай байв. 1800-аад оны дунд үед харилцаа холбооны ололт амжилтуудаас үүдэлтэйгээр Германы физикч Х.Хелмхолц хүний тархийг цахилгаан шуудантай харьцуулсан байдаг. Математикч Ж.Ньюманн бол хүний тархийг шууд л ‘prima facie digital’ буюу тухайн үеийн тооцоолон бодох машины бүтэцтэй паралелл харьцуулалт хийсэн байдаг.

Энэ бүх зүйрлэл бүгд л тухайн цаг үеийнхээ хамгийн дэвшилтэт ойлголтуудыг тусгаж буй. 1940-өөд оны компьютерийн технологийн гарч ирсэн үеэс ч ялгаа байсангүй, уураг тархийг бодит техник хангамж болох тархи удирдаж, бидний бодлууд програм хангамж нь  болж компьютер шиг ажилладаг гэж үзэх болжээ. 

Компьютерийн технологи болон уураг тархины судалгааны ололт амжилтаас үүдэн хүний тархи нь компьютер, мэдээллийн процессор шиг гэсэн үндэслэлээс хүний оюун ухааныг таньж мэдэх олон төрлийн оролдлого улам бүр нэмэгдсэн. Тэдгээр оролдлогуудын үр дүнд хэдэн мянган судлаачийн ажил, түүнд зарцуулах хэдэн сая долларын санхүүжилт техникийн болон олон нийтэд зориулсан асар их өгүүлэл, ном бий болоод байна. Үүний тод жишээ нь уураг тархины “алгоритм” болон уураг тархи “тоо баримтыг хэрхэн боловсруулдгийг” тал бүрээс нь авч үзсэн Рэй Курцвейлийн 2013 онд гаргасан “Оюун бодлыг хэрхэн бий болгох вэ: Хүний бодлын нууц задарлаа” гэх бүтээл юм.

Өнөө үед хүний оюун ухааныг “Information processing (IP)” буюу “мэдээлэл боловсруулах процесстэй” зүйрлэсэн зүйрлэл амьдрал дээр ч, шинжлэх ухаанд ч ноёлж байна. Үнэн хэрэгтээ түүхийн тодорхой цаг үеүдэд хүний оюун ухааныг сүнс, бурхан сахиусгүйгээр төсөөлдөггүй байсан шиг өнөө үед ч мөн энэ зүйрлэлийг ашиглаагүй ойлголт, яриа гэж үгүй. Бид өнөөдөр IP зүйрлэлийг ямар ч судалгаагүйгээр, зүгээр л таамаглаж байна. Гэвч IP зүйрлэл гэдэг бол үнэндээ бидний ойлгохгүй байгаа зүйлдээ тохчихдог  нэр төдий л зүйл юм. Өмнө нь оршиж байсан бүхий л зүйрлэлийн адилаар өөр нэг зүйрлэлээр эсвэл бүр жинхэнэ мэдлэгээр солигдож мартагдах нь гарцаагүй.

Жил гаруйн өмнө дэлхийн хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллагуудын нэгээр зочлох үеэрээ би тэндхийн судлаачдаас ямар ч IP зүйрлэл ашиглалгүйгээр хүний оюун ухааныг тайлбарлаж өгөхийг хүссэн юм. Тэд тайлбарлаж чадаагүй бөгөөд дараа нь мөн и-мэйлээр тухайн асуултыг хөндсөн боловч хэдэн сарын дараа гэхэд ч хариу илгээж чадаагүй байсан юм. Тэд ямар асуудал байгааг олж харах нь харсан. Тэд миний хөндсөн асуултыг шалдар булдар асуудал гээд тоохгүй өнгөрөөгүй. Гэхдээ л хэлэх хариулт олж чадаагүй. Өөрөөр хэлбэл IP зүйрлэл нь өөрөө “нойтон хамуу шиг” ойлголт. Энэ нь бидний хэл яриа, бодол санаанд саад болж байна.

IP зүйрлэлийн логикийн алдааг олох тун амархан. IP зүйрлэл нь

“1. Бүх компьютерүүд ухаалаг ажиллах чадвартай.

2. Бүх компьютерүүд мэдээлэл боловсруулагчид гэж үздэг.

Алдаатай дүгнэлт: Ухаалаг ажиллах чадвартай бүх объектууд мэдээлэл боловсруулагчид” гэсэн хэт хялбаршуулсан хоёр таамаглал ба нэг дүгнэлтээс урган гардаг.

Энгийнээр тайлбарлавал компьютер нь мэдээлэл боловсруулагч учраас хүмүүс ч гэсэн мэдээлэл боловсруулагч байна гэдэг санааг л бодоод үзэхэд л ямар ч утгагүй гэдэг нь ойлгомжтой. IP зүйрлэл гэх ойлголтыг халсны дараа одоо бидний өнгөрсөн үеийн усны урсацын, механик зүйрлэлүүдийг шоолонгуй харж байгаа шиг ирээдүйн түүхчид ч мөн биднийг тэгж харах болно.

Хэрэв IP зүйрлэл тийм утгагүй юм бол яагаад өдийг хүртэл нойтон хамуу шиг оршсоор байна вэ? Замд хөндөлссөн модыг зайлуулдаг шигээ зайлуулахад юу саад болоод байна вэ? Оюуны ямар нэгэн хэврэг тулгуурт суурилалгүйгээр хүний оюун ухааныг ойлгох арга зам бий юу? Ямар үнээр бид тэрхүү тулгуурт маш удаан хугацааны турш найдаж ирсэн бэ? Эцсийн эцэст IP зүйрлэл хэдэн арван жилийн турш янз бүрийн салбарын олон тооны судлаачдын бүтээл туурвил, бодол санааг удирдсаар байна. Ямар үнээр?

Ангид хийсэн нэгэн туршилтаар Жинни Хюн хэмээх оюутанд нэг долларын дэвсгэртийг аль болох нарийвчлан зурахыг даалгасан юм. Оюутан зурж дуусмагц зурсан зургийг нь цаасаар дараад, нэг долларын дэвсгэрт гаргаж өгөөд дахин зурахыг даалгасан. Жинни Хюний “ой санамжаараа” зурсан зургийг харна уу (зүйрлэлийг анзаараарай).

Харин энэ бол түүний нэг долларын дэвсгэртийг харж байгаад зурсан зураг:

Жинни туршилтын үр дүнг тан шиг л гайхсан боловч энэ бол энгийн л зүйл. Жинни нэг долларын дэвсгэртийг хэдэн мянган удаа харж байсан ч гэсэн таны харж байгаачлан нэг долларыг харалгүйгээр зурсан зургийг харж байгаад зурсан зурагтай харьцуулахад маш их ялгаатай байгаа.

Үүний асуудал юунд байна вэ? Бидний уураг тархины “ой санамжийн бүртгэл”-д долларын дэвсгэртийн “илэрхийлэл” “хадгалаастай” байхгүй гэж үү? Бид зүгээр л түүнийгээ “сэргээн санаад” зургаа зурж болохгүй гэж үү? Мэдээж үгүй. Тиймээс л хэдэн мянган жил дамнан хөгжиж ирсэн неврологийн шинжлэх ухаан  долларын дэвсгэртийн дүрсийг хүний тархинаас олж илрүүлж чадахгүй, өнөөх нь тэнд ердөө л байхгүй учраас.

Хүний ой санамж individual neurons буюу бие даасан нейронуудад хадгалагдаж байдаг гэдэг санаанд багтамгүй зүйл. Ой санамж эсийн хаана, хэрхэн байрлах юм бэ?

Үнэндээ бол уураг тархины олон судалгаагаар хамгийн энгийн ой санамжийн үйлдэлд ч хэд хэдэн, зарим тохиолдолд уураг тархины томоохон хэсэг оролцдог болохыг харуулдаг. Мөн хүчтэй сэтгэл хөдлөл нөлөөлсөн бол хэдэн сая мэдрэлийн эсүүд идэвхжиж эхэлдэг байна. 2016 онд Торонтогийн Их Сургуулийн мэдрэлийн сэтгэл судлаач Брайн Левины онгоцны ослоос амьд гарсан хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар ослыг дурсах төдийд тэдний тархин дахь ихэнх нейронуудын хөдөлгөөн идэвхжсэн байна.

Хэд хэдэн эрдэмтдийн таамагласнаар ямарваа нэгэн ой санамж бие даасан мэдрэлийн эсэд яаж ийгээд хадгалагдана гэдэг санаа бол учир утгагүй бөгөөд энэ нь ой санамж эсийн хаана нь хэрхэн хадгалагдах вэ гэсэн улам бүр ярвигтай түвшинд асуудлыг авчрахад хүргэнэ. Жинни долларын дэвсгэртийг харалгүйгээр зурах үед яг юу болсон бэ? Хэрэв Жинни өмнө нь нэг долларын дэвсгэртийг хэзээ ч харж байгаагүй бол эхний зураг нь хоёр дахь зургаасаа огт өөр байх байсан. Өмнө нь долларын дэвсгэрт харж байсан нь түүнийг ямар нэгэн байдлаар өөрчилсөн байна. Түүний уураг тархи нэг долларын дэвсгэртийг төсөөлөн харах буюу ямар нэгэн түвшинд нэг долларын дэвсгэртийг харж байна гэж дахин оролдсон бөгөөд түүний энэ оролдлого нь уураг тархинд нь өөрчлөлт гаргаж байгаа юм.   

Хоёр зургийн ялгаанаас бид  аливаа зүйлийг төсөөлөх нь (ямар нэгэн зүйлийг байхгүй үед төсөөлөх) бодитоор харснаас алдаа ихтэй байдгийг харж болно. Тийм ч учраас бид аливааг эргэн санахаас илүү танихдаа сайн байдаг юм. Бид ямар нэгэн зүйлийг re-member буюу эргэн-санахдаа (Латин хэлний re буюу “дахин”, memorari буюу “санах”)  өмнөх туршлагаа дахин санахыг хичээдэг бол ямар нэгэн зүйлийг таних үед өмнөх туршлагаа төдийлөн тоодоггүй.

Энэ туршилтыг та эсэргүүцэж мэдэх юм. Жинни өмнө нь долларын дэвсгэртүүдийг харж байсан. Харин тэр нарийвчилсан деталиудыг “тогтоох” оролдлого хийж байгаагүй юм. Мөн хоёр дахь зургийг долларын дэвсгэртийг харалгүйгээр зурсан байж болно шүү дээ гэж маргаж ч болох юм. Тийм байлаа ч долларын дэвсгэртийн ямар ч дүр зураг Жиннигийн тархинд ямартай ч “хадгалагдаагүй”. Тэр давтлага хийснээр төгөлдөр хуурч нот харалгүйгээр хөгжмөө тоглож сурдаг шиг давтан зурах замаар л сайжирсан юм. Энэхүү энгийн жишээгээр дамжуулан бид хүний тархины үйл ажиллагааны үндсийг ямар нэгэн зүйрлэлгүйгээр гаргаж ирж болно. Мэдээж хүний тархи бүхэлдээ хоосон биш, гэхдээ IP зүйрлэлийн наадаг шошго бол тэнд байхгүй.

Бид дэлхий ертөнцийг туулахдаа үзсэн, харсан туршлагаараа дамжуулан үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Бидний туршлагыг дараах 3 төрөлд хуваан авч үзэж болно. Үүнд:

1. Бид эргэн тойрондоо байгаа зүйлсийг ажигладаг (бусад хүмүүс, хөгжмийн эгшиг, бидэнд өгсөн зааварчилгаа, хуудсан дээрх үгс, дэлгэц дээрх дүрс),

2. Бид эргэн тойрноосоо чухал бус (дуут дохио гэх мэт) болон чухал (цагдаагийн машин гарч ирэх гэх мэт) гэсэн давхар өдөөлтийг хүлээж авдаг,

3. Бид зарим нэгэн үйлдлийг хийснийхээ төлөө шийтгүүлэх юмуу шагнуулдаг.  

Бид хэрэв эдгээр туршлагууддаа нийцүүлэн өөрчлөгдвөл, шүлэг уншиж, дуу дуулбал, өгсөн зааварчилгааг ягштал биелүүлбэл, чухал бус өдөөлтөд чухал өдөөлт шиг хандвал, шийтгүүлсэн үйлдлээ засч залруулбал, шагнуулсан үйлдлээ илүү олон удаа хийдэг бол бидний амьдрал илүү утга учиртай байх байсан.   Яг үнэндээ хэн ч дуу дуулж шүлэг уншсаны дараа уураг тархи хэрхэн өөрчлөгддөг талаар огт мэдэхгүй. Гэхдээ дуу ч, шүлэг ч уураг тархинд “хадгалагдан” үлдэхгүй. Уураг тархи тодорхой нөхцлийн дагуу дэс дараатайгаар өөрчлөгдсөнөөр бид дуу дуулж, шүлэг уншдаг. Дуу дуулж, шүлэг унш гэнгүүт тухайн дуу, шүлэг нь тархины хаа нэгтээгээс “сэргээгдэн” гарч ирэхгүй. Бид зүгээр л дуулж эсвэл шүлэг уншдаг юм. Ямар ч сэргээн санах үйлдэл хийгдэхгүй.

Хэдэн жилийн өмнө би Аплишиа буюу “Далайн дун” гэж нэрлэгддэг мэдрэлийн хоёр эсийн холбоост бий болдог химийн өөрчлөлтийг нээж илрүүлснээр Нобелийн шагнал хүртсэн Колумын Их Сургуулийн  неврологич Эрик Канделаас хүний ой санамж хэрхэн ажилладгийг мэдэхийн тулд хэдий хэр хугацаа зарцуулах вэ гэж асуусан юм. Тэр шуудхан л “100 жил” гэж хариулсан. Би түүнээс IP зүйрлэл неврологийн шинжлэх ухаанд бэрхшээл учруулж байна гэж боддог эсэхийг нь асуугаагүй боловч сүүлийн үеийн эрдэмтэд хүний тархи компьютер шиг ажилладаг гэдгийг үгүйсгээд эхэлсэн байна.

“Бодит танин мэдэхүйн шинжлэх ухаан” (2009 он) номын зохиогч Синсинатигийн Их Сургуулийн танин мэдэхүйн шинжлэх ухааны эрдэмтэн Энтони Кемеро зэргийн эрдэмтэд  хүний уураг тархи компьютер шиг ажилладаг гэдэг ухагдахууныг бүрэн үгүйсгэж байна. Олонд тархсан ойлголтоор бол бид эргэн тойрныхоо бүхий л зүйлийн төсөөллийг тархин дотроо компьютер шиг тооцоолон боддог гэж үздэг бол Кемеро нарын эрдэмтэд хүний ухамсарт үйлийг амьд организмууд болон түүнийг хүрээлэн буй дэлхий ертөнцийн хоорондын шууд харилцан үйлчлэлээр бий болдог гэж тайлбарлаж байна.

IP зүйрлэлийн тухай ойлголт болон хүний үйл ажиллагааны талаарх өдгөө “зүйрлэлийн эсрэг” гэж нэрлэгдэх болсон ойлголтуудын хоорондын том ялгааг харуулсан миний хамгийн дуртай жишээ бол Аризона Их Сургуулийн Майкл Макбит болон түүний хамтрагчдын 1995 онд “Шинжлэх ухаан” сэтгүүлд хэвлүүлж, уран яруу тайлбарласан бейсболын тамирчин өөр лүүгээ ирж буй бөмбөгийг хэрхэн хоёр өөр аргаар барьж авч байгааг харуулсан туршилт юм. IP зүйрлэлээр бол тамирчин цохилтын хүч, траекторын өнцгийн хэмжээ гэх мэт бөмбөг цохигдох үеийн хэд хэдэн нөхцлийн тооцоог томьёолон гаргаж ирэх шаардлагатай болно. Дараа нь бөмбөгийг барихын тулд гаргасан дүгнэлтээ ашиглан өөрийн хөдөлгөөнийг тохируулж, зохицуулна.

Хэрэв бид компьютер шиг ажилладаг байсан бол үүнийг ямар ч асуудалгүй хийчихнэ. Харин Макбит болон түүний нөхөд илүү энгийн тооцоо гаргаж ирсэн. Бөмбөгийг барихын тулд тамирчин зүгээр л үүр талбай болон эргэн тойронтойгоо (техникийн нэршлээр бол “шугаман хараа зүйн траектор”) уялдуулан бөмбөгний хөдөлгөөнийг дагуулан хөдлөхөд л болох юм. Ярвигтай сонсогдож болох ч үнэндээ үүнд ямар ч тооцоо, төлөөлөл, алгоритм байхгүй, маш энгийн.  

Бейсболын жишээгээр дамжуулан IP зүйрлэлийн хүлээснээс гарч энгийн, ухаалаг ойлголт авсан хүмүүсийн тоонд Их Британийн Лидс Беккет Их Сургуулийн сэтгэл судлалын профессор Эндрю Вилсон болон Сабрина Голонка нар багтана. Тэд өөрсдийнх нь хэлдгээр “өнөө цагт давамгайлж буй танин мэдэхүйн неврологийн ухаантай зөрж, хүний ухамсарт үйлийг ойлгох шинжлэх ухаанд илүү шүтэлцээтэй, байгаллаг аргачлалаар ханддаг” судалгааныхаа талаар олон жилийн турш блог хөтөлж байна. Тэдний ажил хөдөлгөөн болж түгэхээс хол байгаа боловч олонд түгсэн танин мэдэхүйн шинжлэх ухаан IP зүйрлэлтэй хутгалдсан хэвээр байгаа бөгөөд зарим нэгэн дэлхийд алдартай сэтгэгчид хүртэл энэ зүйрлэлд үндэслэн хүн төрөлхтний ирээдүйн тухай агуу агуу таамаглал дэвшүүлдэг.

Футурист Курцвейл, физикч Стивен Хоукинг, неврологич Рандал Коенэ болон бусад эрдэмтдийн дундах таамаглалаар хүний ухамсар бол компьютерийн програм шиг учраас хүний оюун ухааныг компьютерт хуулж болох бөгөөд түүнээс үүдэн оюун санааны хувьд асар хүчирхэгжин, тэр ч бүү хэл үхэшгүй мөнх болж ч болох юм гэжээ. Энэ таамаглалаас санаа авсан Жонни Деппийн гол дүрд нь тоглосон нэгэн эрдэмтний оюун санааг интернэтэд хуулж тавьснаар хүн төрөлхтөнд аюул заналхийлж байгаа тухай гардаг Transcendence хэмээх кино 2014 онд гарсан юм.

Азаар IP зүйрлэл үнэн  биш учраас хэзээ ч тийм зүйл болохгүй. Бас хүн хэзээ ч тийм замаар үхэшгүй мөнх болохгүй. Учир нь уураг тархинд ухамсрын програм байхгүйгээс гадна урам зориг өгөхийн зэрэгцээ дарамт учруулж болох илүү гүнзгий асуудал үүнд байна. Үүнийг “цор ганцын асуудал” гэж нэрлэе.  

“Ой санамжийн банк” эсвэл гадаад орчны “төлөөлөл дүрс”-ний аль аль нь уураг тархинд байхгүй учраас, энэ ертөнцөд зохицон амьдрахын тулд хийсэн аливаа туршлагын үр дүнд уураг тархи нарийн дарааллын дагуу өөрчлөгддөг учраас нэгэн ижил туршлагаас хоёр хүнд яг адил өөрчлөлт бий болно гэж итгэх ямар ч шалтгаан байхгүй билээ. Хэрэв та бид хоёр концерт үзвэл Бетховений 5-р симфонийг сонссон миний тархинд гарсан өөрчлөлт таны тархинд үүссэн өөрчлөлтөөс тэс өөр байна гэсэн үг юм. Тэдгээр өөрчлөлтүүд ямар ч байлаа гэсэн өмнө нь хэдийн оршин байсан, өнөөг хүртэл зөвхөн тухайн хүний амьдралын турш хуримтлагдан туршлагаас бий болсон цор ганц мэдрэлийн бүтцэд суурилан бүтээгдэх юм. 

Тиймээс л 1932 онд С.Ф.Бартлетт “Эргэн санахуй” номдоо нэг түүхийг яг ижил байдлаар сонссон хоёр хүн тэр түүхийг дахин ярихдаа өөр өөрөөр ярих ба цаг хугацаа өнгөрөх тусам тухайн түүхийн талаарх яриа улам бүр өөрчлөгдөнө гэж тайлбарласан байдаг. Тэр түүхийн “хуулбар” хэзээ ч хийгдэхгүй. Харин түүхийг сонссон хүн тус бүр ямар нэгэн байдлаар өөрчлөгдөнө. Тэрхүү өөрчлөлт нь хэрэв дараа нь (зарим тохиолдолд Барлетт түүхийг уншиж өгснөөс хойш хэдэн өдөр, сар, бүр хэдэн жилийн дараа) тухайн түүхийг асуух үед ямар нэгэн хэмжээгээр тухайн түүхийг сонсож байна гэж нарийн тодорхой бус ч гэсэн (долларын дэвсгэртийн жишээний эхний зургийг харна уу) дахин оролдох оролдлого юм.     

Хүн бүр зөвхөн генийн шинж чанараараа ч бус, уураг тархинд гардаг өөрчлөлтөөрөө хүртэл туйлын онцгой, цор ганц гэдэг нь миний хувьд үнэхээр сэтгэл хөдөлгөм үнэн.

Ямарваа нэгэн туршлагаар уураг тархи бүрийн нейроны өөр өөр холбоосоос үүдэн хүний тархин дахь мянган нейрон, сая нейрон эсвэл бүр уураг тархийг бүхэлд нь ч ажиллуулж болно. Хэрэв бид уураг тархины 86 тэрбум нейроны зургийг дараад компьютерт оруулах бололцоотой байлаа ч тэрхүү асар их хэмжээний холбоосууд нь түүнийг бий болгосон тархинаас гараад ямар ч утга агуулгагүй зүйл болно. Энэ бол IP зүйрлэл нь хүний оюун бодлын үйл ажиллагааны талаар бидний бодлыг гажуудуулсны хамгийн тод илрэл байж болох юм. Компьютер хадгалсан мэдээллийг өөрчлөлтгүйгээр унтарсан үедээ ч маш удаан хугацаанд өөртөө хадгалсаар байдаг бол уураг тархи оюун ухааныг биднийг амьд байх үед л гагцхүү ажиллуулж байдаг. Асаах – Унтраах товчлуур гэж үгүй.     

Хүний уураг тархи хэрхэн ажилладаг талаар зөвхөн суурь  ойлголттой болохын тулд бид 86 тэрбум нейрон болон түүний 100 триллион холбоосууд, холбоос бүрт байх 1,000 уургийн одоогийн нөхцөл байдал болон уураг тархины мөч бүрт гарах өөрчлөлтийг мэдэх шаардлагатай. Мөн хүн тус бүрийн амьдралын түүхээс бий болсон уураг тархи бүрийн цор ганц онцлог чанарыг нэмэх хэрэгтэй.

Гэтэл маш их хэмжээний мөнгө уураг тархины буруу үндэслэл бүхий судалгаанд зориулагдаж байна. Жишээ нь л гэхэд “Scientific American” сэтгүүлд мэдээлснээр 2013 онд Европын Холбоо Хүний Уураг Тархины Судалгааны Төсөлд зориулж 1.3 тэрбум долларыг зарцуулсан гэжээ. Хенри Маркрамын 2023 он гэхэд супер компьютерт хүний тархины загварыг бүтнээр нь бүтээж, түүгээрээ алцхаймерын болон бусад өвчний эмчилгээнд хувьсгал хийнэ гэсэн бөгөөд түүнд нь Европын холбоо ямар ч хориггүй санхүүжилт үзүүлжээ. 2 жил хүрэхгүй хугацаанд уг төсөл бүтэлгүйтэж, Маркрам “зодог тайлсан” юм.

Бид бол компьютер биш. Бид бол амьд организмууд. Өөрсдийгөө олж таних үйлээ ямар нэгэн буруу ташаа зүйрлэлгүйгээр үргэлжлүүлцгээе. IP зүйрлэл цөөхөн хэдэн (хэрэв байвал) ойлголт ухагдахууныг үлдээж хагас зууны турш ноёллоо.  “DELETE” товчлуурыг дарах цаг нэгэнтээ болжээ.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%