Сэрцгээ, мэхлэгдсэн Монголчууд аа!

ЖҮЖИГ ДУУСАХАД ХӨШИГНИЙ ЦААНА ТЭД ХӨХРӨЛДӨӨД СУУДАГ ШҮҮ. МАРТАВ АА…

Сонгууль эхлэхээс өмнө ард түмэн биднийгээ халуун зүрхнээсээ хайрлаж явдаг ямар олон хүн байдгийг нүдээрээ харж, чихээрээ сонсож  бүлээн зүрх булгилан хайлах дөхнө. Хэдхэн сар ч болов ийнхүү сэрүүн зүүдэндээ умбан жаргадаг сан.  Сонгуулийн дараа харин сэрээд харахад хамаг юм хулгайлчихсан байдаг.  Тэгээд голдоо ортол гомдож гашуун нулимсаа дотогш залгин гэр гэртээ сууцгаадаг сан. Ядаж дориухан олуулаа нийлээд цайны ганц талбай дээрээ гарч, Сүх жанжин, Чингис хаан хоёртоо хов ч мэдүүлчихгүй явсаар 20 жил хохирч, 30 жил гомдон өдийг хүрэв.

Ардчилсан гэх хувьсгалаас хойш иймэрхүү маягаар хичнээн ч сонгуулийг ардаа орхив.  Бид ч чадлынхаа хэрээр сонгоод л байдаг, сонгоод л байдаг. Улс орон, амьдрал ахуй маань харин уруудаад л байдаг.  Яагаад гэвэл тэдний хэлэх дуртай гоё гоё тоонууд үнэндээ худлаа статистик. Улс орны хөгжил дэвшлийг бодитойгоор илэрхийлэх хамгийн наад захын үзүүлэлт бол ард түмний амьдралын чанар. Үүнд эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын чанар, эрүүл хоол хүнс, амьсгалах агаар, уух ус, наад захын халуун хүйтэн устай орон байр, хэвийн хүрэлцээтэй тогтмол орлого олохуйц ажлын байр гээд тоймтой хэдхэн үзүүлэлт л хангалттай. Элдэв олон тоонууд үнэн хэрэгтээ ард түмэнд хүртээмжтэй биш. Дээгүүрээ хэдхэн гэр бүлд, гадны хөрөнгө оруулагчид л үр шимийг нь хүртэж байгаа болохоос маньд ёстой юу ч наалдахгүй. Ард түмний үр хүүхэд эмнэлгийн шалан дээр хэвтэж байхад тэд нар хаана эмчлүүлдэг билээ. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгааг хэлүүлэлтгүй бүгд мэднэ. 21р зуун гарчихаад байхад бид ганц хотдоо шаваад ялгадсан дундаа амьдарцгааж байна.  Ямар агаараар амьсгалж, юу идэж ууж байгаагаа бүгд мэднэ. Энэ байдалдаа бачимдсан залуус аргаа бараад гадаадруу гарч боолын ч хамаагүй ажил хийж чадлынхаа хэрээр зүтгэнэ.  Өнөөдөр Монголд баячууд л эрх дураараа болохоос мөнгөгүй хүн ямар ч эрх чөлөөгүй, зүгээр л бор ходоодоо тэжээх гэж зүдэрч ядах баяны л зарц, боол төдий.

Улс орныг хэн, юу ийм байдалд хүргэв?

90-ээд онд бусад соц орнууд зах зээлийн эдийн засаг, ардчилсан тогтолцоонд шилжсэн тул бид ч бас юунаас дутахав дуурайгаад л “шилжицгээсэн”.  Юунаас  зугтаж, хаашаа шилжиж байгаа тухай  харин ямар ч онолын тайлбар, үндэслэгээ хэн ч хийсэнгүй. Ямар ч байсан бүгд шилжээд байна, бид бас хоцрохгүй гээд л бусдыг дуурайгаад хөөрцгөөсөн. Гэтэл энэ бүх худлааг эхлүүлсэн, буруу замаар будаа тээлгэсэн тухайн үеийн 30тай дууч шувуухайнууд дуу дуугаа авалцан уран донгодоод эхэллээ. Ерөнхийлөгч болж байгаад  улс орондоо тарьсан гай балагаа бага ч болов арилгах хүсэлтэй гэнэ. Одоо болно. БҮҮ БУР. Уучлаарай. Хүн 60 хүрээд ухаан ордог гэж худлаа шүү. Тэнэг бол 60 хүрсэн ч тэнэг хэвээрээ. Худалч бол 60 хүрсэн ч худалч хэвээрээ. Хулгайч бол 60 хүрсэн ч хулгайч хэвээрээ дуусна.

Ерөнхийлөгч болох заяатай төрсөн тэр нэгэн баатрыг тунхаглан зарлах лам бөө нар удахгүй бас дуу дуугаа авалцах биз. Бүх юм хоосон чанар гэж Буддагийн сургаалийг худлаа дутуу тайлбарлаж, Монгол хүнийг муу муухайтай эвлэрсэн номхон тэмээ болгосон. Хорвоогийн жам, хоосон чанар, хувь заяаны төөрөг тул тэр бүхнийг тэвчин өнгөрөөж, лам бөөд хувь заяагаа даатгаад  алга хавсран залбирахаас өөрийг мэдэхээ больжээ. Ингээд өөрийн гараар амьдралаа босгох гэж тэмцэх биш хаа нэгэн далдын хүчинд даатган, хэдэн бор төгрөгөө бардаг болсон, Монгол хүн. Шударга ёсны тухай ойлголт устаж, шударга ёсны төлөө тэмцэх зүрх зориг үгүй болжээ. Муу муухайг буруушаан шийтгэж, сайн сайхныг дэмжин сайшаах моралын хэм хэмжээг тогтоож байдаг механизм ажиллагаагүй болсон тул муу муухай улайм цаймдаа гарч тахал мэт тархав.

Мухар сүсэг ийнхүү Монгол орныг нойрсуулсан тул мэдлэг боловсрол, шинжлэх ухаанч хандлага үнэгүйтэж, одоо ингээд хамхуулнаас ч болов айж үргэх хүн сүрэг мэт болцгоожээ. Тогтож суун тунгаан бодох чадвар үгүй болсон тул сэтгэлийн хөдөлгөөнөөр баримжаалан явцгаана. Нэгэнт сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдуулсан тул айлгах уурлуулах, уйлуулж инээлгэх, энэ дотроо өрөвдүүлэх арганд амархан орцгооно. Тэд харин арга заль ихтэй тул уяхан сэтгэлийн утсыг хэрхэн хөндөхөө сайн мэднэ. Нэг нь ээжийнхээ өвөр дээр уйлж байгаад ерөнхийлөгч болсон. Нөгөө нь оймсоо гялалзуулж байгаад очков авч хулгайн хэргүүдээсээ өршөөгдсөн. Одоо энэ удаад бас л нэг өр зүрх эмтэрмээр өрөвдөм жүжиг нилээн хэдийг тавих байх шүү . Сонор сэрэмжтэй байгтун.

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг тул дахин дахин сэрэмжлүүлэхээс өөр арга үгүй. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдэг шиг өрөвдмөөр харагдсан бүхэн үнэн хэрэгтээ өрөвдмөөр биш шүү. Жүжиг дуусахад хөшигний цаана тэд хөхрөлдөөд суудаг шүү. Мартав аа…

 

А.Баярцэцэг,

 

Эдийн засагч, судлаач

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 271

Дараагийн Ерөнхийлөгч таны бодлоор?

32%
М.Энхболд
44%
Х.Баттулга
6%
Н.Энхбаяр
16%
Мэдэхгүй.
  • 32%
  • 44%
  • 6%
  • 16%