Эзэнгүй хүүхдүүд

Монголын  ард түмэн бид хүний эрх, эрх чөлөөний шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон тунхагласнаас хойш аль хэдийн 25 жилийг үзэж байна. Ардчилсан нийгмийг сонгосноор  бидэнд олон эрх, эрх чөлөө олгогдсон боловч сайн зүйлсийн хажуугаар саар зүйл тоймгүй байна.

Энэ нийгмийн тулгамдсан асуудлын нэг бол яах аргагүй жилийн дөрвөн улиралд халуун, хүйтэнг үл ажиран гудамжинд гуйлга гуйх тэдгээр бяцхан хүүхдүүдийн эрхийн асуудал юм.

Хүүхдийн эрхийг зохицуулсан үндсэн хууль, хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хууль, эрх зүйн актууд ар араасаа батлагдан гарсан. Тэдгээр хууль тогтоомжууд хангалттай хэрэгжиж бидний үр хүүхдүүдийн эрхийг хангаж чадахгүй байна. Үүнийг баталсан хамгийн ойрын ганцхан жишээ бол Унаач хүүхдүүдийн эрхийн асуудал юм.

Бид хаа нэг газар гуйлга гуйн шороонд хутгалдсан, нүд хальтирч, өр өвтгөм хөөрхий тэр хүүхдүүдтэй тааралдаагүй хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэдэнд эцэг эх, асран хамгаалагч гэх хүн байна уу? Ядуурал гуйранчлалаас болж бор ходоодоо борлуулах гэж гуйлга гуйж байна уу, эсвэл ухамсарын доройтолд орчихсон архичин эцэг, эхийн архины мөнгийг олох гэж гуйлга гуйн сууна уу, хэн нэгний дарамт шахалтад мөнгө олох хэрэгсэл болсоор байна уу? Гуйлга гуйж буй шалтгаан нөхцлийг тогтоон, хяналт тавих хэрэгцээ шаардлага байсаар байна.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн 3 дугаар зүйлд заасанчлан “хүчээр буюу албадан хөдөлмөрлүүлэх, ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил” нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж тодорхойлсон байдаг. Мэдлэг боловсролдоо анхааран тоглож, наадан эцэг, эхийн хайр халамжид эрхэлж байх насандаа бяцхан биедээ баймгүй хүнд хэцүүг үүрч суух ёсгүй. 

Төрийн эрх баригчид, хүүхдийн төлөө үндэсний газар, хүний эрхийн үндэсний комисс, хүүхдийн төлөө гэж нэр зүүсэн төрийн болон төрийн бус байгууллагууд дорвитой ажиллаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.  Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй бүхий л хэлбэрийн байгууллагуудыг чадавхижуулж, эрх зүйн орчинг илүү ээлтэйгээр сайжруулах ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.  Төр, олон нийтийн байгууллагын  зүгээс зөвхөн дээрх байгууллагуудад найдаад орхилгүй хорооны хэсгийн байцаагчаас эхлүүлээд төрийн тэргүүн хүртлээ шат болгондоо гэрэлт ирээдүй болсон үрсийнхээ төлөө зогсож чаддаг, тэднийгээ хайрлаж, халамжлан хамгаалдаг байх ёстой. Иргэдийн зүгээс бид дор бүрнээ хяналт тавьснаар энэ гуйранчлал үгүй болох магадлалтай. Хүүхдийн эрхийг хэрэгжүүлж, хангаж ажиллахад иргэн бүрийн оролцоо чухал.

Авилга, хээл хахуульд автсан, өнгө мөнгөнд нүдээ ухсан, оюун санааны доройтолд орчихсон энэ нийгэмд Хяналт агаар ус мэт хэрэгтэй байна. Хяналтгүй төрийн эзэнгүй хүүхдүүд ардчиллын золиос болох ёсгүй. Цөөхөн бяцхан үрсээ хамгаалж, халамжилж чадахгүй хүчгүй төрийг бид хүсээгүй. Монголын ирээдүй болсон та бидний хүүхдүүд олны хөлд шороонд хутгалдаж, даарч, өлсөж, гудамжинд алхах хэн нэгнээс 10 төгрөг царайчилж сууж байна. Ямар их эмгэнэл вэ? 

Бидний баталсан хууль, гаргасан шийдвэр, тавьсан анхаарал хангалттай сайн байсан бол өнөөдөр гудамжинд нэг ч хүүхэд гуйлга гуйн суухгүй байлаа.

Монгол улс 1989 оны 11 сарын 20-ны өдөр “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийг баталж, нэгдэн орсон байдаг. Конвенцид нэгдэн орж соёрхон баталсан бол хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилдэг билээ. Уг конвенцид заасны дагуу “Хүүхэд бүр ямар ч алагчлалгүйгээр хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээ хүртэж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, аз жаргал, хайр энэрэл, ойлголцол бүрдсэн орчинд өсөж торних нөхцөлийг бүрдүүлэх" үүргийг төр хүлээсэн байдаг. Дэлхий биднийг харж, ажиглаж байна. Эрсдэлт нөхцөлд байгаа гуйлгачин хүүхдэд төрийн хяналт, анхаарал, халамж дутагдаж байна. 

Хүүхдийн төлөө гэсэн нэр зүүсэн төрийн болоод төрийн бус байгууллагууд, иргэд та бүхэн эдгээр хүүхдийг анхаараач. Цөөхөн хэдэн Монголчууд бид асар их байгалийн баялаг, мал хуйтай хэнээс ч гуйлга гуйхааргүй баян оронтой билээ. Тиймээс ч бид бяцхан үрсээ гудамжинд гуйлга гуйлгахгүй амьдрах боломж байгаа гэдэгт би бат итгэдэг. Ирээдүй болсон хүүхэд бүрийг хайрлая.


avatar
    • Заяа
    • 103.11.193.*

    нээрээ л хүүхдийн асуудал хүнд байна аа. Ялангуяа гэр хороололд архидалт ихтэй ээж аавууд нь 2 лаа уудаг айлын хүүхдүүд ямар аймар гээч. Тэжээлийн дутагдалтай эрүүл бус орчинд сэтгэлзүй эн тэр гээд ярих юм бол бүр ч хүнд байдалтай байна. Яана даа нээрээ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%