Минималист нүүдэлчин

Минийхээр нүүдэлчид минималимст хэв маягаар амьдардаг байсан санагддаг. Энэ  хэв маяг хаанаас үүссэн гэдгийг тодорхойлох нь утгагүй л дээ. Хаа ч хүмүүс ингэж амьдардаг байсан байх. Цаашдаа ч шигүү нягтралтай суурин амьдралд  гэр орондоо илүү чөлөөтэй байхыг хүснэ. Минимализм өөрөөсөө хасч танасан хэрэглээ биш өөртөө таарсан илүүгүй, дутуугүй орон зайн болоод сэтгэлийн эрх чөлөө. Мартин Лютер Кинг, Сесар Чавес, Нельсон Мандела, Стив Жобс, Марк Зукерберг нар минималист.  Монголчууд ч дугуй ханатай гэртээ 10 хүний ахуйгаа багтаагаад сэтгэл хангалуун, амар жимэр амьдарч ирсэн. Хэрэгцээтэй зүйлсээ өөрсдөө хийгээд хэрэглэчихдэг өөрсдийн ахуйн соёлтой хүмүүс. Эрүүл, орчин тойрондоо халгаагүй амьдрал. Нэг айл ачаалаад хөдлөхөд гэрийн бууринаас өөр тэмдэг үлддэггүй тийм л цэмцгэр амьдрал.  Тиймээс л “амьдарч чадсан хүн үхэж бас чаддаг” гэж айхтар үг гараа байлгүй. Угтаа бол юунаас ч зуурч хоргодохгүйгээр сэтгэл хангалуун буцах их ухаан. С.Эрдэнийн “Өвгөн шувуу”-г мэдэх л байлгүй. Ачаа хөсгөндөө ахуй хэрэглэлээ багтааж, оюун ухаандаа энэ хорвоог багтаадаг гэж итгэдэг.

Миний минималист амьдрал эхэлсэн нь

Хэдэн жилийн өмнө, хэдэн жил ч гэж дээ 2009 онд зохиолч Д.Урианхай гуайтай уулзсан юм. Тэгэхэд хүн төрөлхтний нэг номерын дайсан бол тансаг хэрэглээ, чамин ахуй гэж хэлэв. Түүнээс хойш тэр тухай тасралтгүй бодож басхүү амьхандаа судалсаар нэг л өдөр шийдвэрээ гаргалаа. Шийдвэрийг гаргах хүсэл болоод шийдвэр гаргалт бол хийх зүйлийн 50 хувь. Гэрийнхэндээ хэлж ойлгуулаад бүх сандлаа, буйдангаа ороо ч бас хүнд өгчихөв.  Энэ явдалд бага байхад эмээгийн маань хэлж байсан үг их түлхэц өгсөн юм л даа. Эмээ минь хөл гарын өвчингүй сэтгэл тэнэгэр, бие тэнхлүүн сайхнаараа тэнгэртээ одсон хүн. Тэр үед эмээ “сандалтайгаа насыг барвал сандлаасаа л шарил  руугаа морилно доо” гэж дүүдээ хэлж байж билээ. Эмээгийн дүү гэх хотод амьдардаг ганган эмээ үнэхээр сандлаа түшиж, сүүлдээ сандлаа түрж явдаг болсон доо. Газар суух нь үе мөчний эрүүл мэндэд асар тустай гэдгийг нүдээрээ харж ойлгосон юм.

Ингээд манайх гэдэг айл газар сууж зурагтаа үзэж, газар унтаж, явган ширээгээ тойрч суугаад хоолоо иддэг болов. Буйдангаа өргөх, засах, байрлуулах, ар өврөөр нь унасан хогийг нь цэвэрлэх, доогуур нь мөлхөх гээд нэг том ажлаас ангижирч гэр цэлийгээд ирэв ээ.

Дараа нь хамгийн ихээр хуримтлагдсан хогшил болох цаас, ном, сэтгүүлээсээ ангижрав. Гэрийн талыг шахуу эзэлж байсан ном, сэтгүүлээ зарж, хандивлаж, бэлэглэж зөвхөн ширээний хэдхэн номтой үлдсэн нь ихэнх нь толь бичиг. Хүнд өгөхийнхөө өмнө хамгийн бага зай эзэлдэг хэрнээ хамгийн багтаамжтай тархиндаа хадгалж сурахын тулд уншиж дуусгав. Бас нэг сайхан зүйл нь энэ.

Хүн хүссэн номоо өөрийн болгочихоор уншихгүй хойш нь тавьдаг муу занд сурдаг юм билээ. Энэ ажил цаасны харшилтай болох хийгээд  хүнд жинтэй “цаасан нурангиас” минь чөлөөлөв.

Дараагийн ээлжинд маш олон хундага, шил шаазан аяга, халбага сэрээнүүд. Ихэнхийг нь хэзээ ч хэрэглэж байгаагүй. Гал тогоогоо шил шаазангийн агуулах болгож түүний угаагаачаар ажилласаар энэ насаа дуусгана гэхэд хайран. Хэрэглээд угаахгүй дахин нэгийг хэрэглэн хоолны эцэст 4 биш 40 хүний аяга, таваг угаах болдог хүүхдүүдийн хувьд энэ сайхан зүйл байлаа. Манай тавган аяганд 1-р, 2-р хоол, айраг таргийг алийг нь ч хийж идэж, ууж болохоор сонголттой хэ хэ. Нэг хүн нэг амтай. Тэр ам өөрийн гэсэн аягаа эзэмшинэ. Зочинд зориулж цөөхнийг үлдээсэн.

Хамгийн хэцүү эргэж буцсан  сонголт бол хувцас. Удаан ялгаж салгаж бодсоны эцэст 3 том хайрцаг бас бус цүнх савтай хувцсыг “залж орхив”.  Долоо хоногийн амралтаар хиртэй, хиргүй ч мэдэгдэхгүй үй түмэн хувцас угаах нүсэр ажлаас ингээд чөлөөлөгдөв. Хүүхдүүд ч гадаа тоглож  дор дороо дуртай зүйлсээ хийдэг боллоо. Энэ их эд агуурсыг чөлөөлсний дараа түүнийг шингээхийн тулд нэмсээр байсан шүүгээ, шургуулга мэдээж хэрэгггүй болсон. Хэрэггүй юуг ч худалдаж авахгүй гэдэг зарчимтай болсноос хойш хогийн сав маань хүртэл амарсан юм даа. Сонирхож шуналтаж худалдан авалт хийдэг зангаа хэрэггүй зүйлсийнхээ хамт “хогийн саванд” хийчихээд байгаа юмандаа баясаж сурах  зарчимтай амьдарч эхэлсэн юм.

 

Хялбарчилсан биш сэтгэл ханасан амьдрал

Минимализмыг хялбарчилсан амьдрал гэж “орчуулж” ойлгож, ойлгуулж байна. Амар хялбараар амьдрах гэдэг арай өөр утгатай л даа. Харин өөрөөр минимализм бол хэтийдсэн шунал хүслээ ухамсарлаж чадсан энгүүн амьдрал, хэтэрсэн хэрэглээгээ зохицуулж чадсан цэмцгэр ахуй юм. Энэ цэмцгэр ахуй сэтгэл санаанд чинь, цаг завд чинь, гэр оронд чинь гэрэл гэгээ авчирна. Чамин ахуй юуг авчирдаг вэ? Дутуу дундуур мэт мэдрэмж, хангалуун бус сэтгэгдэл, төвөгтэй байдлыг авчирдаг. Минималист амьдрал нь нөгөө талаар бурханлиг чанар буюу бодь оршихуй юм. Тэгээд ч энэ их хэрэглээний ихэнх хэсэг нь бидний бүтээсэн, зохисон, үйлдвэрлэсэн зүйлс биш байдаг шүү дээ. Тийм биш гэж үү?  Аяга бүжиглэдэг, ном дуулдаг байгаад ч бид мөнхрөхгүй нь тодорхой. 

Хамаг сайхан дурсамжтай зураг хөрөг, бэлэг сэлтээ яах юм бэ гэж хүмүүс асуудаг. Тиймээ, тэдгээр нь үнэхээр сайхан зүйлс. Гэхдээ бэлэгнийхээ тоосыг гөвөхдөө эзнийг нь санадаг бол тархиныхаа хийх ажлыг амьгүй зүйлд даатгажээ гэсэн үг. Түүх, дурсамж, хайр, мэдрэмж хамаг сайхан  зүйлсээ хамгийн их багтаамжтай хамгийн “нандин хайрцаг” болох тархи, зүрхэндээ  хадгалаад эзэнд нь тэр мэдрэмжээ үе үе илэрхийлж байх нь хүнийг илүү хүнээр нь байлгана гэдэгт итгэж байна. Олдсон цаг хугацаагаа өөртөө болоод хүмүүст зарцуул гэсэн л голч утгатай. Гэхдээ хурааж хумьсан бүхнээ тарааж цацаад хоосон үүргэвчтэй, холхиндог гуталтай хоосон нойтон гүй гэсэн үг биш шүү.  Минимализм бол минийхээр сэтгэл ханасан амьдрал юм.

 

 

 


avatar
    • минимализм мандтугай
    • 202.179.27.*

    минимализм бол утга учиртай амьдрал. хэрэгжүүлэхийг хичээж байна. номоо бол хаяж чадахгүй. тоос дарахгүй шкафанд багтаахыг бодож байна. худалдан авалтыг аль болох багасгах. хэрэггүй болсон зүйлээ хэрэгцээтэй нэгэнд нь өгөх. хүнд нүсэх зүйл авахгуй байхыг л бодож байна.

    • Зочин
    • 183.81.171.*

    гоё нийтлэл байна.

    • оогий
    • 202.9.43.*

    бас нэг өдөр ийм зориг гаргана даа . бодоод л явдгийн .

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6

Үндсэн Хуулийн өөрчлөлтийн талаар Таны бодол?

66%
Ард нийтээс санал асуусны үндсэн дээр өөрчлөх цаг болсон.
16%
Үндсэн Хуулиас илүү өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй.
0%
Мэргэжилтнүүд, эрх бүхий байгууллагуудын мэдэх ажил.
16%
Өөрчлөх хэрэгтэй ч энэ УИХ-ын үед биш.
0%
Мэдэхгүй.
  • 66%
  • 16%
  • 0%
  • 16%
  • 0%