ОУВС-гийн хөтөлбөр буюу орон дээр хэвтэж байгаа өвчтөний сонголт

ОУВС-ийн хѳтѳлбѳрѳѳс ѳѳр боломж бий гэцгээх попууд байна. Мэдээж хувилбарууд үргэлж байдаг, ОУВС бол нэг л сонголт. Орон дээр хэвтэж байгаа ѳвчтѳнд ч үхэх үү, эсвэл хэрхэн сэхэх вэ гэдэг хоёр асуулт байдаг.

Хэдхэн сарын ѳмнѳх нѳхцѳл байдлыг эргээд санацгаая: Улсын хэмжээнд ѳрхийн бодит орлого сүүлийн 2 жилийн турш улирал дарааллан буурсан байв. Эрэлт гэхээр зүйлгүй болж байр, газар, компаниудын хувьцаа г.м. хѳрѳнгийн үнийн уналт үргэлжилж байлаа. Зах зээл дээр бараа бүтээгдэхүүн ч зарагдахаа больж, улирлын шинжтэй жаахан нѳлѳѳгѳѳр л хэдэн сар үргэлжилсэн дефляци руу оров.

Эдийн засаг царцаж буйг ѳсѳлтѳѳс ч харж болно -- уул уурхайг хасаад үзвэл жил гаруйн хугацаанд ДНБ-д агшилт явагдчихсан байв. Тэр дундаа худалдааны салбар, боловсруулах үйлдвэрлэл хүчтэй агшиж байсан нь байдал ноцтой болсныг илтгэнэ. Хаа сайгүй бизнесийн орлого муудаж, зээлийн эргэн тѳлѳлт хүндэрч чанаргүй зээл овоорч байлаа. Улмаар цалин тэтгэврээс ѳѳр зээл бараг гарахгүй болсон энэ үед цаашид ѳсѳлтийг юугаар санхүүжүүлэх вэ гэдэг тодорхойгүй байв.

Гэтэл тѳсвийн алдагдал түүхэн дээд цэгтээ хүрсэн тул засгийн газар эдийн засгаа дэмжих боломжгүй. Харин ч эсрэгээрээ, бизнес эрхэгчдэд зээл хэлбэрээр очоод эдийн засагт эргэлдэх ёстой мѳнгийг ЗГҮЦ-аар дамжуулан сорж, тѳсвийн алдагдлыг санхүүжүүлсээр байв. Аль хэдийн орлогынхоо 20%-ийг зээлийн ѳр тѳлбѳрт зарцуулж буй улсын тѳсѳв цаашид эмч багш цагдаа нарын цалин, хѳгшчүүлийн тэтгэвэр, эмзэг бүлгийн тэтгэмжийг санхүүжүүлж чадахгүйдээ тулах байв.

Энэ үед Хѳгжлийн банкны $580 сая, Ардын банкны своп $1.8 тэрбум гээд богино хугацааны гадаад ѳр тѳлбѳрүүд нэхэгдэх хугацаа ойртсон ч шийдэл харагдахгүй байв. Зээлжих зэрэглэл ч шалан дээр буулаа. Бондуудын үнэ навс унаж, ѳгѳѳж нь 30% давснаар гаднаас санхүүжилт босгож шийднэ гэдэг бүтэшгүй зүйл болов. Монгол дэлхийд хамгийн ѳндѳр эрсдэлтэй улсуудын нэг болж, хѳрѳнгѳ оруулагчид наашаа хялайхыг ч хүсэхээ болив.

Монголчууд ч ѳѳрсдѳѳ эдийн засагтаа, үндэсний мѳнгѳн тэмдэгтдээ итгэхээ болин, хадгаламжтай иргэд мѳнгѳѳ доллар болгон хѳрвүүлэхээр уралдацгаана. Тѳгрѳгийн ханш зарим ѳдѳр цаг цагаар унаж байлаа. Банкууд ѳѳрсдѳѳ валютын ѳр тѳлбѳр ихтэй (богино позици), аль хэдийн доллар зарахаа больчихсон. Сард ОТ-ээс орж ирдэг хэдэн доллар дээр үнэ хаялцан "алалцаж", Тѳв банкнаас нийлүүлэх бага хэмжээний интервенцээр амь залгуулж байв. Энэ янзаараа удаан тэсэхгүй, тѳлбѳрийн чадваргүй болох нь ердѳѳ цаг хугацааны л асуудал болов.

Тэгвэл одоо попроод байгаа нѳхдүүд тэр үед ямар шийдэл санал болгосон юм бэ? Хүндрэлийн үед эдийн засгаа дэмжих чадамжгүй болтлоо алдагдалдаа дардагдсан тѳсвийг хэрхэн хэвийн болгох, зээл гаргах үндсэн функцээ биелүүлж чадахаа больсон зомби банкуудыг хэрхэн эрүүлжүүлэх, гадаад ѳр тѳлбѳрүүдийг хэрхэн шийдэж дефолтоос зайлсхийх, хѳрѳнгѳ оруулалтуудыг яаж татах, тѳгрѳгт итгэх итгэлийг яаж сэргээх талаар ямар хувилбар боломж байгааг ярьсан уу?

Мэдээж ОУВС-ийн хѳтѳлбѳрт хамрагдана гэдэг бол сэхээнд эрчимт эмчилгээ хийлгэж байгаатай адил гайхуулаад байх зүйл биш. Гэхдээ ямар ч байсан бондын ѳрүүд эхнээсээ шийдэгдээд, ханш тогтворжих зэргээр эхний эерэг шинж тэмдгүүд илрээд, цаашид тѳсѳв, санхүүгийн системд хийгдэх арга хэмжээнүүд тодорхой болоод явж байна. Үр дүнд нь ямар ч байсан ѳвчтѳн үхэхээргүй болох ч ирээдүйд босч ирээд хѳл дээрээ явах уу гүй юу гэдэг нь дэлхийн зах зээл, бидний ѳѳрсдийн хичээл зүтгэл гээд бусад олон зүйлээс хамаарна.

ОУВС ч угаасаа эдийн засагт түргэн тусламж үзүүлдэг болохоос, ѳсгѳж хѳгжүүлдэг газар биш. Сэхээнээс гарсны дараа цаашид яах вэ гэдэг нь бид засаглалаа сайжруулах, бодлогын алдаануудаа давтахгүй байх, иргэдийн боловсрол мэдлэгийг сайжруулах, гадны мэдлэг турлага хѳрѳнгѳ оруулалтыг татаж чадах уу гээд ѳѳрсдѳѳс л хамаарна.

Харин хүнд үед яаж түргэн тусламж үзүүлэх талаар түй плангүй байсан нѳхдүүд одоо попрох бол үнэхээр зохисгүй. Тэд улс орон дампуураад сүйрээд алга болсон ч ѳѳрсдѳѳ хангалттай мѳнгѳѳ гадна дотно нуучихсан, "Би л эрх мэдэл, албан тушаалд хүрэхгүй бол бусад нь хамаагүй" гэх сэтгэхүйтэй хүмүүс.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 271

Дараагийн Ерөнхийлөгч таны бодлоор?

32%
М.Энхболд
44%
Х.Баттулга
6%
Н.Энхбаяр
16%
Мэдэхгүй.
  • 32%
  • 44%
  • 6%
  • 16%