16-р зууны үеэс буюу улс орнуудын армийн зэвсэглэлд галт зэвсэг орж ирснээс хойш Монголчуудын дайн тулаанд ноёлох байдал огцом унасан. Үүнд олон шалтгаан бий боловч, шууд материаллаг шалтгаан нь "буу бол гар урлалаар биш үйлдвэрлэлийн шат дамжлагаар хийгддэг"-т байсан байна. Учир нь нүүдэлчид үйлдвэрлэл эрхлэх боломж хомс учир армиа галт зэвсгээр бүрэн зэвсэглэх бололцоогүй байжээ. 

Нөгөөтэйгүүр, энэ үед Монголд нэгдсэн арми гэж байхгүй болсон агаад цэрэгт мордох хүн бүр өөрийн зэр зэвсгийн асуудлыг хариуцдаг уламжлалт тогтолцоо хэвээр үргэлжилж байсан тул цэргийн зэвсэглэлд улсын төсвийн хөрөнгө (хааны сан хөмрөг)-нөөс зарцуулах тухай ойлголт, хандлага тун муу байжээ. Тэгээд ч тухайлан үйлдвэрлэл эрхлэдэггүйгээсээ болоод эдийн засаг гэдэг юманд боомилуулсан тул тэр бүр буу зэвсэг худалдаж авах санхүүгийн боломж ч хаагдмал байв. Өөрөөр хэлбэл, галт зэвсгийн идэвхитэй хөгжил нь дэлхийн түүхэнд хөрөнгөтний үе эхэлж, феодализм унаж эхлэхтэй зэрэгцэн өрнөсөн байдаг. Харин энэ үед Монголд жижиг феодал ноёдын эрх мэдлээ булаацалдсан бужигнаан ид өрнөж байсан бөгөөд юун эдийн засаг, юун бөөний үйлдвэрлэлтэй манатай байв. 

Яагаад үйлдвэрлэл гэж гарчиг тавьчаад буу шийдэм яриад унав гэвэл нүүдэлчин Монголын аугаа их түүхэн замнал үйлдвэрлэлийн эрин үед хүрч ирээд унаж байгаа юм. Ерөөс дэлхийн түүх гэгч нь тэр чигтээ дайн тулааны тэмдэглэл билээ. Галт зэвсгийн үүсэл хөгжил нэлээн эртнээс эхлэх агаад тэр тусмаа манай өвөг дээдэс энэхүү хор хөнөөлт зэвсгийг анхлан ашиглагчдын тоонд багтдаг боловч галт зэвсгийн үйлдвэрлэл нь бөөний шинжтэй болж, дархны хөөргөөс салаад үйлдвэрлэлийн дамжлагад орж ирэх үед л нүүдэлчдийн сул тал илрэн гарч ирсэн байна. Яалт ч үгүй, үгүйсгэж чадашгүй үнэн зүйл бол нүүдэлчид материаллаг үйлдвэрлэл эрхэлж чаддаггүй, тийм боломж ч байгаагүй. Амиа аргацаасан буюу хувийн хэрэгцээг хангах төдий гар урлал байсан хэдий ч өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэх боломж байхгүй байжээ. 

Үүнээсээ болоод хүссэн ч, эс хүссэн ч суурин иргэншилтэй ямар нэг байдлаар холбогдох шаардлагатай болдог байв. Энэ нь дайн тулаан, дээрэм тонуул, худалдаа наймаа... гэх мэтээр өрнөсөөр эцсийн бүлэгт 20-р зуунд өөрсдөө суурьшиж авснаар үйлдвэрлэлийн асуудлыг хэсэгчлэн шийдсэн байдаг. Энэхүү суурьшлыг үндсэндээ хүчирхийллийн замаар (коммунизм) шийдвэрлэсэн боловч эцсийн үр дүн нь Монгол үндэстний уламжлалт зан хандлагад нийцсэн буюу хөгжил дэвшилд хөтөлж байсан нь тун "таашаал"-тай хүчирхийлэл болсон юм. Гэвч олонхийн андуурдаг шиг үйлдвэрлэлийн асуудал яг үнэндээ шийдэгдээгүй үлджээ. Үүнийг доор тайлбарласугай.

Олон янзын онол, ангилал, тодорхойлолт байдаг ч миний л ажигласнаар үйлдвэрлэлийн 4 шат байдаг юм шиг санагддаг. За тэгээд л үйлдвэр гэхээр л нэг бол учиргүй хүнд үйлдвэрлэл бодоод, аль эсвэл гэртээ ч хийчиж болдог боов талхны юм бодоод хадуураад унав. Өчнөөн л юм байна. Бас ганц юм хийдгээр нь ч битгий бод. Хорвоо дээр дангаар оршдог юм гэж юу байхав.

Товчхондоо үйлдвэрлэл гэдэг бол тэнгэрт байгаа шинжлэх ухаан гээч юмны "газарт буусан" суурь нь юм.

Тэгэхээр энэ доор байгаа юмыг шинжлэх ухаан ба эдийн засгийн хослолын түвшин гээд ойлгочих.

1. Түүхий эд нийлүүлэгч
2. Хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
3. Технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
4. Технологи бүтээгч

Үйлдвэрлэгчийн тухай ярина гэчээд юун түүхий эд нийлүүлэгч яриад эхлэв гэж бүү гайхаарай. Түүхий эдийг чинь боловсруулж байж үйлдвэрлэлд ашигладаг, зарах боломжтой болдог учраас тэр. Өөрөөр хэлбэл би энд олборлогч биш, анхан шатны боловсруулагчдыг хэлсэн хэрэг. За тэгэхээр миний бодлоор үйлдвэржилтийн түвшин дараах байдалтай байна. Жишээ татсан гэдгээ эхлээд хэлчие. Түүнээс улс орнуудыг бүгдийг нь ангилах гээгүй, угаасаа мэдэхгүй. Харин та өөрөө ангилж болно. Үүнтэй санал нийлэхгүй байж ч болно. Таны л эрх.

2-р ангилалд бол урд хөрш хамгийн баавар нь, одоо 3-р шат уруу орох гээд ид үзэж тарж байна. Өмнөд Солонгосуудын хувьд үнэхээр их хичээж байгаа боловч 2-р шатнаас бүрэн гараагүй л байна. 3-р шат уруу хариугүй орчих гээд л, орчих гээд л байгаа. Бидний биширдэг Японууд аль хэдийнээ 3-р үеэ давцан, одоо 4-р шатанд орчих гээд их мачийж байна. Гэхдээ арай ч болоогүй байна.

4-р шатанд угаасаа цөөхөн үндэстэн бий. Энэ шат дарааллыг нэгийг нь ч алгасалгүй явсан улс бол Англи, Герман, Францууд. Хойд хөршийн хувьд мөн 4-р ангилалд хамаарна. Яагаад гэвэл тэд муу ч сайн ч 400 шахам жил шинжлэх ухааныг хөгжүүлсэн өнө удаан жилийн мэдээллийн сантай улс. Америк бол айхтар зальтай золигнууд, дэлхийн хоёр дайнаас "хүн" хожсон. Тэгээд л 3-р шатыг алгасаад шууд 4-р шат. Израйл АНУ-тай адил алгасах замаар явсан. Гэхдээ 3-р шатных.

3-р шатанд бас цөөн улс бий. Энд ази, баруун европын өндөр хөгжсөн улсууд гол төлөв хамаарна. Бусад үйлдвэрлэгч гэгдэх улсуудын хувьд үндсэндээ 1 ба 2 дугаар ангилалд хамаарна. Энэтхэг болон зүүн өмнөд ази, латин америк, зүүн европын боломжийн амьдралтай улсууд энэ түвшнийх. Араб болон Австрали бол 1-р түвшнийхний манлай.

Үйлдвэрлэлийн эдгээр шатуудын хувьд нэг айхтар онцлог байдаг. Аль нэг шатанд нь орлоо л бол өмнөх шатаа мэддэг, чаддаг гэсэн үг. Хэдий алгассан байсан ч хамаагүй. Датабааз нь, нөү-хау нь хамт явдаг учраас тэр. Гэхдээ алгасах аз хэн бүхэнд таарахгүй л дээ.

Энэ үйлдвэрлэгч гэх ангиллаас гадна зуучлагчид гэж бий. Зуучлагчид байж байж л үйлдвэрлэлийг эдийн засагтай, шинжлэх ухаантай холбож байгаа хэрэг. Юу ч үйлдвэрлэдэггүй боловч өндөр хөгжсөн Сингапур, Швейцари зэрэг орнууд зуучлагчид хамаарна.

Манайх одоохондоо аль нь ч биш. Анхан шатны боловсруулалт хийдэггүй тул олборлогч гэж хэлж яахав болох биз. Гэхдээ энд олборлолтын тухай биш, үйлдвэрлэлийн тухай ярьж буйг санаарай. Комун үед хөөрхий, үйлдвэрлэлийг жаахан оролдсон. Даанч үйлдвэрлэл бол "эдийн засгийн нэг бүрдэл хэсэг юм" гэдгийг ойлгоогүй, зөвхөн шинжлэх ухааны нэг хэсэг гэж өрөөсгөл бодсон хэрэг. Товчхондоо зарж чадаагүй учраас буюу газарт буулгаж мэдэхгүй байсан болоод тэр. Зарж чадаагүй гэдгийг үргэлжлүүлэн нуршсугай.

Түүхий эд зарсан хүн хождоггүй (гэдэг нь хохирдог гэсэн үг биш шүү!), эцсийн бүтээгдэхүүн зарсан хүн хождог гэдэг эдийн засгийн бичигдээгүй хууль байдаг. Тийм учраас бүх улс үйлдвэрлэх гэж зүтгэдэг. Манайх ч бас зүтгэж л байна. Гэхдээ дутуу дулимаг бодоод, буруу зөрүү зүтгээд байна.

Голдуу гаднаас түүхий эд импортолж, үйлдвэрлээд дотооддоо зарж байна. Энэ бол алдаа. Дотоодоосоо төгрөг олоод, төгрөгөө сольж гадаад валют болгоод түүхий эдээ авчирдаг. Ингээд үр дүнд нь төгрөгийн ханш улам унаж, юмны үнэ өснө. Тэгэхээр энэ жинхэнэ үйлдвэрлэл биш.


Миний бодлоор бол Монгол хэзээ ч бөөний буюу массын үйлдвэрлэгч орон болж чадахгүй. Учир нь бид зарж чадахгүй. Бид яаж ч хичээгээд өртгөө 2-р түвшний аваргуудтай өрсөлдөхүйц түвшинд аваачиж чадахгүй. Ер нь бөөний үйлдвэрлэгч болох ч хэрэггүй. Массын үйлдвэрлэгч болноо гэдэг чинь байгаль орчноо сүйтгээд дууснаа л гэсэн үг. Массын үйлдвэрлэл нь үндсэндээ хүнд аж үйлдвэр голдуу байдаг буюу бөөний үйлдвэрлэлийг "жижигхэн" хийх боломжгүй юм. Тэгээд ч манай урд дэлхийн хамгийн лаг массын үйлдвэрлэгч байхад бид хаашдаа тэдэнтэй өрсөлдөөд барахгүй. Гэдэг нь юу ч битгий үйлдвэрлэ гэсэн үг мэдээж биш!

Массын үйлдвэрлэлийг орлого олох зорилгоор биш буюу экспортын зорилгоор бүтээх үнэхээр боломжгүй. Харин safety зорилгоор буюу импортыг орлох зорилгоор, тодорхой салбар чиглэлүүдээр хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, нефтийн бүтээгдэхүүн, түүхий төмөр, цемент... гэх мэт цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг ашиггүй ч байсан, өндөр өртөгтэй ч байсан заавал дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Яагаад заавал өөрсдөө зарим юмыг өндөр үнэтэй ч байсан үйлдвэрлэх хэрэгтэй вэ гэхээр бид "хашаанд" амьдардаг болохоор л тэр. Юмыг яаж мэдэх вэ, гэнэт нэг өдөр манай хашааны хаалгыг гаднаас нь дарчихвал хэдүүлээ өлбөрч үхэж болохгүй биз дээ?

Тэгэхээр массын үйлдвэрлэл бол бидний хувьд амьд үлдэх тухай сэдэв болохоос мөнгө олох, хөгжих, хөлжих боломж биш юм. Тэгэхээр бидний хөгжих, хөлжих чиглэл бол массын үйлдвэрлэлээс өөр юм байх нь.

Үйлдвэрлэлийн сэдэв бол явж явж үйлдвэрлэх тухай биш, харин "зарах" тухай асуудал юм. Тэр тусмаа өөрсөддөө биш, гадагшаа зарах, экспортлох гэж харж, чиглэж зүтгэх ёстой. Япон түүхий эдгүй мөртлөө ингээд тэгээд ийм болж хөгжсөн гэх. Тэдний "зорилго нь экспорт" байсан учраас л хөгжсөн юм. Гэтэл манайд хөгжиж байгаа үйлдвэрлэлүүдийг хараач. Дандаа импортыг орлох бүтээгдэхүүнүүд. Бараг ноолууран эдлэлээс бусад нь гадаад зах зээл рүү гарч чадахгүй. Бүгд дотоодоо эргэлдэнэ. Өөрөөр хэлбэл зарах тухайгаа бодоогүй, зөвхөн хийх тухай. Манайхан юм хийдэггүй биш, хийж чаддаггүй ч биш, хийх дургүйдээ бол бүр биш. Харин зарж чаддаггүй. Зарж чадах эсэхээ бодохгүй, юу хийхээ л бодоод байна гэдэг бол явж явж нөгөө л комун үеэсээ, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаасаа хагацаагүй байнаа л гэсэн үг.

Ерөөс эдийн засаг бол тэр чигээрээ худалдааны тухай яриа. Шулуухан хэлэхэд, хэн нь хэндээ яагаад юуг хэзээ яаж зарж байгаа тухай судалдаг шинжлэх ухааныг л эдийн засаг гэдэг. Үйлдвэрлэл бол хийх биш, зарах тухай ойлголт гээд хэлчихсэн. Зарах гэдэг нь үндсэндээ экспорт гээд хэлчихсэн. Хэрэв түүхий эд нь дотооддоо байвал за тэгээд эдийн засаг маань сүннн гээд босоод явчина. Энэ бол тодорхой. Одоо үндсэн санаагаа зангидъя.

Монголчууд шинээр юу ч хийдэггүй, дандаа дуурайдаг гэдэг бол өрөөсгөл ойлголт. Маш олон юм хийдэг. Манайх гэхэд 5 литрийн нэрсний өтгөрүүлсэн шүүс авчихсан, сар шахуу найрлаж байна. Хаврын ханиалгыг үүний ачаар л давлаа шд. Өө тэгээд л чацаргана нтр гээд зөндөө зөндөө. Оросын Ангария-г оруулж ирж зараад байж болж байхад манай Бабулай бас гарч болноо доо. За тэгээд л ааруулан чипс гэж нэг гоё юм байдаг. Гэх мэтчилэн ёстой 100% натурал, эко бүтээгдэхүүнүүд зөндөө хийж байна. Нөгөө муу, олон ярианд ордог эсгий таавчиг чинь бас л эко бүтээгдэхүүн шүү дээ зайлуул. Тэрийг хийхэд ямар янзан бүрийн бодис хольж, эсэн бусын хатаагуур, тоног төхөөрөмж ашигладаг биш...

Гэхдээ энэ олон эко, натурал бүтээгдэхүүнд нэг ДУТАГДАЛ бий. Олноор нь үйлдвэрлэх БОЛОМЖ муутай учраас нэгжийн өртөг хямд биш, бас голдуу гар аргаар, гэр бүлийн хүрээнд үйлдвэрлэдэг. Би энд "дутагдал" болон "боломж" гэдэг үгийг онцолсон шалтгаанаа тайлбарламаар байна. 

Монголчуудын нэг том онцлог бол нэгдэж нягтрахдаа муу. Энэ бол яалт ч үгүй бидний сул тал болдог. Гэхдээ үүнийг давуу тал болгож болно. Яаж вэ гэхээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний онцлогоос болоод тэр. 

Хүссэн ч эс хүссэн ч эко бүтээгдэхүүн маань цөөн тоогоор, голдуу гар аргаар, гэр бүлийн хүрээнд үйлдвэрлэдэг нь "100% natural & hand made" гэдгийг нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл нөгөө брэнд гэдэг юмны 50% нь бүрдчихлээ шд. Одоо 10%-ийн чанар, сэтгэл (буюу яг үнэндээ хяналт) шингээгээд, 10%-ийн сав баглаа боодлын үзэмжийг нэмээд, 30%-ийн маркетинг нэмчих. Тэгээд л 100% амжилт.

За бараг бүгдийнх нь мэддэг юмыг нуршив. Одоо өөрийн санаагаа хэлье. Дээр хэлсэнчлэн манайхан бага сага ч болтугай үйлдвэрлэж чадаж байна, сэтгэж байна, зүтгэж байна. Гол дутагдаж байгаа юм нь зарж чадахгүй байна. Тэгэхээр энэ олон ижилхэн шахуу, 100% natural & hand made бүтээгдэхүүнийг бөөнөөр нь зардаг ганц экспортын компанийг л бүгд нийлээд бүтээмээр санагдана.

Бүгд юмаа зарах гэж алийгаа алдаад, зэрэг зэрэг гүйлдэж байхаар ганц мэргэжсэн, мэргэшсэн компани нь бүгдийнх нь өмнөөс зараад өгчмөөр байна. Төр засгийнх нь хувьд ч гэсэн зэрэг зэрэг олон компанийг олон улсын босгыг давуулах гэж зовж байхаар, нэг л компанийг түлхээд өгчихдөг, тэр нь бусдынхаа өмнөөс бүх асуудлыг зохицуулчихдаг баймаар. 15 жил Монголын бизнесийн орчин, зах зээлийг судалсан, маркетинг, менежментийн зөвлөгөө өгсөн миний ажиглалтаар Монголд бизнес хөгжсөн 27 жилийн хугацаанд үй түмэн худалдааны компани гарч ирсэн боловч нэг нь ч экспортын худалдааны чиглэлээр ажилласангүй. 

Үйлдвэрлэлийн хувьд нэгдэх боломжгүй ч гэсэн, худалдааны хувьд нэгдээд, хамтраад ажиллаж болох юм биш үү? Угаасаа бөөний худалдаачид, ченжүүд гэдэг нөхдүүд дотооддоо наймаа хийгээд байхад гадагшаа зардаг нь бас байх ёстой биз дээ, айн? Гэхдээ мэдээж ганц компани байгуулангуутаа Made in Mongolia гээд л шожигнотол зарчих боломжгүй. Маркетинг гэж нэг юмыг ойлгохгүйгээр юу ч зарагдахгүй.

Маркетингт брэнд гэж нэг чухал ойлголт бий. Брэнд гэдэг нь хамгийн товчоор тухайн бүтээгдэхүүний барааны тэмдэгт юм. Өөрөөр хэлбэл олон нийтэд танигдсан ерөнхий нэршил гэсэн үг. Жишээлбэл Nokia гэж гар утас үйлдвэрлэгч байна. Уг нь олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Гэхдээ тэр олон бүтээгдэхүүнийг бүгд Nokia-ийнх учраас ..... гэсэн үнэлэмжтэй болсон байна. Үүнийг л брэнд нэр гээд байгаа хэрэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах арга замыг брэндинг гэнэ. Хэдийгээр маркетингийн тодорхойлолт нь ийм боловч "зөвхөн дэлхийд алдартай бараа бүтээгдэхүүнийг л брэнд гэдэг" гэж олон нийт ойлгодог учир яг энэ чиглэлээр нь ганц жишээ татъя.

Брэнд 2 янз. Нэг нь чанар, технологиор давамгайлна. Гар утасныхаа жишээг үргэлжлүүлье: Samsung. Энэ төрлийн брэндийн хувьд нийт массын сэтгэлийг татахад чиглэнэ. Аль болох олныг зарах ёстой. Тийм ч учраас технологийн шинэчлэл, хөгжил дэвшлийг байнга эрэлхийлнэ.

Нөгөө нь цэвэр нэр хүнд үүсгэнэ. Жишээ нь Vertu. Энэ төрлийн брэндийн хувьд олныг зарах шаардлагагүй. Цөөнийг өндөр зардлаар хийгээд өндөр үнээр зарна. Энэ тохиолдолд технологийн асуудал 2-рт тавигдана. Заримдаа бүтээгдэхүүний онцлогоос хамаараад харин ч цаг хугацааны хувьд хоцрогдсон байх буюу аль болох эртний, "классик" харагдах шаардлага гарч ирнэ.

Хоёр дахь төрлийн брэндийг бүтээх түгээмэл арга нь үйлдвэрлэлийн гэхээсээ гар урлал, дизайны онцгой ялгарал дээр голдуу тулгуурлана. Нөгөө л хүн гэдэг амьтны ялгарах, товойх дур хүсэл дээр суурилж, нийгмийн анги давхаргын сэхүүн занг ашиглана. Ухаандаа дээр үед бол язгууртан, өнөө үед бол баян, яг үнэндээ "би бол хүндэтгэвэл зохих хүн" гэдгээ харуулах боломж.

Монголын хувьд хаашдаа масс үйлдвэрлэл явуулах боломж муу, өртгөөр тэргүүлэх, технологиор манлайлах ямар ч шаансгүй учир цэвэр нэр хүндийн брэндинг хийх нь үнэн. Тэгэж байж дэлхийн зах зээлд нэвтэрнэ, тав арван цаас олно.


Гэвч энд нэг том онцлог бий. Япон ч юм уу, Герман ч юм уу, Англи ч юм уу нэг брэнд хийгээд, түүнийгээ гараар угсарсан үйлдвэрлэсэн гэж хэлэхэд эдгээр үндэстнүүдийн имиж нь "нягт нямбай, яг таг, яв цав, хатуу чанга" учраас хэрэглэгчийн тархинд "чанар" гэдэг үг автоматаар орж ирэх тул маш амархан алдартай болоод явчихна. Эсвэл Франц, Италичууд нэг брэнд хийлээ гэхэд тэдний үндэстний имиж нь "нарийн мэдрэмжтэй, дизайнлаг, уран гоо" учраас мөн л маш амархан алдаршаад явчихна. Эсвэл Америкчууд байна. Өөрсдийнхөө онцлогийг тодорхойлчихсон, тэр нь heavy, huge, king size, hard... гэх мэтчилэн хүнд, аварга том, бадриун, чанга буюу ерөнхийдөө "цаанаа л нэг нүнжигтэй" гэсэн имиж. Гэх мэт үндэстэн бүр өөрийн онцлог, имиж дээр тулгуурлан брэндинг хийдэг.

Тэгвэл Монгол үндэстний имиж нь юу вэ? Ямар имижээрээ бид дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн хийх ёстой вэ? Лав л байгалийн баялагтай буюу Minegolia биш байлгүй дээ!!!

Жич: Би хувьдаа хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ, бүр яг таг хэлбэл нүүдлийн мал аж ахуйгаа ашиглаад үндэсний брэндинг, имиж бүрдүүлж болмоор санагддаг. Энэ тухай сонирхъё гэвэл "Мал ба Монгол" бичвэрийг минь уншаад нэг үзээрэй.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 271

Дараагийн Ерөнхийлөгч таны бодлоор?

32%
М.Энхболд
44%
Х.Баттулга
6%
Н.Энхбаяр
16%
Мэдэхгүй.
  • 32%
  • 44%
  • 6%
  • 16%